Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан доор эрт илрүүлэх үзлэг, оношилгоог өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн билээ. Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журмын 2.4-т “Товлолт насанд эрт илрүүлэгт хамрагдах талаар иргэнд сануулах, цахим урилга илгээх, дуудах” гэж заажээ. Гэвч бодит байдалд “Та эрт илрүүлэгтээ хамрагдаарай” гэж өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогддоггүй, иргэн өөрөө очиж байж багц шинжилгээндээ хамрагдаж байна. Эрт илрүүлгийн явц, иргэд хэрхэн хамрагдаж буй, ямар хүндрэл бэрхшээл, давуу талууд байгааг сурвалжиллаа.
Эрт илрүүлэгт хамрагдах иргэд нэн тэргүүнд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, хаана, хэрхэн шинжилгээ хийлгэх талаар мэдээлэл авах ёстой аж. Үүний дагуу энэ сарын 7-нд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Евро-Эм” өрхийн эрүүл мэндийн төвд очлоо. “Манай хорооны иргэд ХӨСҮТ-д шинжилгээнд хамрагдаж байгаа. Гурав, дөрөвдүгээр сард төрсөн хүмүүсийг л бүртгэж байна. Та аравдугаар сард төрсөн бол одоо бүртгэх боломжгүй. “Амармед” эмнэлэгт очоорой” гэсэн хариу сонсов. Тус хорооны нутагт байрладаг “Амармед” эмнэлэгт цахимаар цаг авахгүй, эрт илрүүлгийн багц шинжилгээ өгөх боломжтой, өдөрт 30 хүртэл хүн үздэг гэнэ. Угэмнэлэгт очиход хэд хэдэн иргэн хүлээн зогсож байлаа. 63 настай иргэн А.Уранчимэг “Өчигдөр өглөө эрт шинжилгээ өгөөд, өнөөдөр хариугаа аваад, эмчдээ үзүүлэх гэж байна. Ямар ч чирэгдэлгүйгээр шинжилгээ өгсөндөө баяртай байна” гэв. Түүнчлэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас ирсэн өндөр настан Г.Чимэд-Очир гэр бүлийнхээ хүнтэй хамт эрт илрүүлэгт хамрагджээ. Түүнээс эрт илрүүлгийг харьяалал харгалзахгүйгээр хийж буй, эсэхийг тодруулахад “Хүүхдүүд минь хөгшин бид хоёрыг сувилалд амруулахаар саяхан хотод авчирсан юм. Гэтэл сувилалд явахад заавал шинжилгээ хийлгэх хэрэгтэй болоод эрт илрүүлгээ энэ эмнэлэгт өгчихлөө. Хүмүүс аймгийн төвд шинжилгээ өглөө гэж дуулдсан. Хол болохоор бид очиж чадаагүй байсан юм. Орон нутгийнх гээд буцаадаггүй бололтой. Өглөө эрт ирж, тухайн өдөр үзүүлэх 30 хүний нэгт багтчихвал болох юм байна” гэв. Орон нутгийнх гэж цааргалалгүй үйлчилж буй “Амармед” эмнэлэгт Баянзүрх дүүргийн 12, 14, 18 дугаар хорооны иргэд шинжилгээнд хамрагдах боломжтой аж.
Баянзүрхээс бусад дүүрэгт эрт илрүүлгийг хэрхэн зохион байгуулж буйг тодруулахаар хэд хэдэн хүнтэй ярилцлаа. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн П.Эрдэнэ “Би оршин суугаа хаягийнхаа дагуу “Энхбуянтманал” өрхийн эрүүл мэндийн төвд гурван удаа очиход цаг нь дууссан, нэмжбүртгэхгүй гээд буцаасан. Эрт илрүүлгийн хугацаа тавдугаар сард дуусна гэсэн. Хамрагдаж амжихгүй бол яах вэ” хэмээв. Баянгол дүүргийн 26 дугаар хорооны иргэн Ж.Саруул “Өнгөрсөн оны аравдугаар сард эрт илрүүлэгтээ хамрагдахаар “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвд очсон юм. Гэтэл он гарсны дараа ир гэсэн. Заасан хугацаанд нь очиход үүдний угтах хэсэгт байдаг дэвтэрт овог, нэр, регистрийн болон утасны дугаар бичиж авахдаа “Та мөд хамрагдаж чадахгүй байх. Өнгөрсөн оны аравдугаар сард бүртгүүлсэн хүн ч хамрагдаагүй байна. Цаг нь болохоор дуудна” гэж хэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчихлөө” хэмээв. Харин Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ц.Долгор “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвд эрт илрүүлэгтээ орсноор бамбай булчирхай, ходоод өвдсөнөө мэдэж, нэмэлт шинжилгээ өгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр боллоо. Эрт илрүүлэг их хэрэгтэй юм байна” гэлээ. Бас нэг иргэн хэвлийн ЭХО-гоор бөөрөнд нь уйланхай үүссэнийг оношлуулжээ. Улмаар гурав дахь шатлалын эмнэлэгт хандсанаар энэ нь бөөрний хавдар байсныг илрүүлж, эрт үед нь эмчлүүлж чадсанаа хэлсэн юм. Тэрбээр урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаарай гэж ойр дотнынхондоо зөвлөдөг болсон гэнэ.
Эрт илрүүлгийн талаар иргэд ийнхүү ярилаа. Түүнчлэн уг багц шинжилгээнд хамрагдах хугацаа энэ оны тавдугаар сард дуусах уу, эсвэл цаашид үргэлжлэх үү гэдгийг сонирхсон хүн цөөнгүй байв. Тиймээс үндэсний хэмжээнд зохион байгуулж буй энэ арга хэмжээ үнэхээр цаг үеэ олсон уу, иргэдийн өвчлөлийг эрт үед нь илрүүлж чадаж байна уу зэрэг асуултад хариулт авахаар ХӨСҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорилоо.
ХӨСҮТ-ийн амбулаторийн их эмч Ц.Цагаандариас эрт илрүүлгийн үр дүнгийн талаар тодруулахад “ХӨСҮТ-д Баянзүрх дүүргийн 10, 14 дүгээр хорооны иргэдийг хуваарилсан. Өдөрт 20-30 хүнийг шинжилгээнд хамруулж байна. Өнгөрсөн онд 2538 хүн хандсанаас хэвлийн ЭХО-гоор 269, бамбайнхаар 393, хөхнийхөөр 34, зүрхний бичлэгээр 310 хүнээс ямар нэгэн өвчний шинж тэмдэг буюу өөрчлөлт илрүүлсэн. Хөхний уйланхай нь хавдрын өвчний урьдал байх магадлалтай. ЭХО-гоор өөрчлөлт илэрсэн хүмүүс үргэлжлүүлэн дараагийн шатлалын эмнэлэгт хандан, нарийвчилсан шинжилгээ хийлгэх ёстой. Одоогоор нэгдсэн мэдээлэл гаргах боломжгүй ч эрт илрүүлгээр 40-өөс доош насныханд зүрх, судасны өвчлөл өндөр байна. Энэ бол бидний таамаглаж байгаагүй үзүүлэлт. Харин 45-аас дээш насныханд бамбайн өөрчлөлт цөөнгүй илэрсэн” гэв.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга, анагаах ухааны доктор Э.Баясгалангаас эрт илрүүлгийн ач холбогдол, давуу талыг лавлахад “Манайх Сүхбаатар дүүргийн 1-6, Чингэлтэйн 17, 19 дүгээр хорооны иргэдийг хүлээн авч, эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэдгээрээ юм уу, иргэд бүгд л манайд үзүүлэх хүсэлтэй. Гэсэн ч бид дээрх дүүрэг, хорооныхонд л үйлчилнэ. Ачаалал ихтэй, өдөрт 45-50 хүн хамрагдаж байгаа. Мэдээж эрт илрүүлэг маш ач холбогдолтой. Эмчийн хувьд хэлэхэд, ямар ч өвчнийг эрт шатанд нь илрүүлж, эмчлэх нь зүйтэй. Манай эмнэлгийн амбулаториор үзүүлж, оношилгоо, шинжилгээ хийлгэхэд хэт их ачааллаас болж хугацаа алддаг. Зөвхөн ЭХО-д харуулахын тулд 7-10 хоног хүлээдэг. Харин Эрүүл мэндийг дэмжих төвийг 2020 онд байгуулснаар эрт илрүүлэг болон хувь хүмүүс, албан байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгийг эмч, ажилчид шуурхай хийдэг болсон. Эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн 10-15 хувь ньөвчин, эмгэгээ анх оношлуулж, мэдэж авлаа. Тухайлбал, бамбай булчирхайн эмгэг өөрчлөлт болох хоргүй болон хортой хавдрууд, хоол боловсруулах замын, зүрх, судасны өвчин дийлэнх хувийг эзэлж байгаа. Энэ л эрт илрүүлгийн гол үр дүн. Иргэдийн эрүүл мэндийн томоохон мэдээллийн сантай болж буй нь Монголын анагаах ухаан нэг шат ахисан том алхам” хэмээн ярив.
НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас эрт илрүүлэгтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж амжаагүй иргэд олон байна. Хамрагдах хугацаа нь тавдугаар сард дуусах уу?
-Дуусахгүй. Монгол Улсын бүх иргэнийг багц шинжилгээнд хамруулаад, ямар өвчин зонхилж буйг тодорхойлох юм. Жил дараалаад, бүх иргэнээ хамруулж, өвчлөлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох ажлын эхлэл нь энэхүү эрт илрүүлэг. Орон нутагт тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжаас шалтгаалаад зарим шинжилгээний явц, тэр дундаа 31-45 насных нь жаахан удааширч байна.
-Энэ насныхан хойрго хандаж байна гэсэн үг үү?
-Хойрго биш. Тоног төхөөрөмжийн хүрэлцээнээс шалтгаалсан гэсэн үг. Харин 18-30 насныхан хойрго байна. Өнгөрсөн оны наймдугаар сараас их, дээд сургуулиудтай хамтран оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа явуулснаар идэвх нь харьцангуй нэмэгдэж байгаа.
-НЭМҮТ-д эрт илрүүлгийн тоо баримтыг нэгтгэж байгаа юу. Аль насныханд ямар өвчлөл зонхилж байгаа бол?
-18-30 насныхны дунд бэлгийн болон шээс боловсруулах замын, бүх насныханд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг түгээмэл байна. Ахмад насныханд бамбайн зангилаа, 0-5 насныханд шүд цооролт түгээмэл илэрлээ. 10 хүүхдийн долоогийнх нь шүд цоорсон. Мөн хүүхдүүдийн дунд харааны эмгэг өөрчлөлт элбэг байна. Эрт илрүүлгийн бас нэг онцлог нь иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тодорхойлж байгаа юм. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг ярихгүйгээр монгол хүний эрүүл мэндийг тодорхойлох боломжгүй. Сэтгэцийн эрүүл мэндийг олон жил орхиж иржээ. Толгой өвдлөө гээд эм уудаг. Яагаад өвдсөн шалтгаанаа тоодоггүй гэх мэтийг дурдаж болно. Эрт илрүүлгийн бас нэг онцлог нь монгол хүнд ямар эрсдэл байгааг тодруулах юм. Архи, тамхи бол анхдагч эрсдэл. Үүний дараа эрүүл, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, биеийн жингийн индекс гээд нийт таван эрсдэл бий. Эдгээрийг тодорхойлохгүйгээр зөвхөн өвчин, эмгэгт л анхаараад байж. Бид мөсөн уулын оройг л яриад байсан болохоос биш, суурь асуудлаа орхигдуулсан. Үүнийг л эрт илрүүлгээр тодорхой болгож буй хэрэг. Үүнд хамрагдсан хүмүүст насны ангиллаар нь ямар өвчин зонхилж байгааг гаргасан. Одоо аль аймагт ямар өвчлөл давамгайлж буйг тодорхойлно. Аймаг бүрийн хүн амын эрсдэлт хүчин зүйлийн мэдээллийг боловсруулж, үүнд үндэслэн авах арга хэмжээний чиглэлээ тодорхойлно. Манай төвийнхөн өдгөө Баянхонгор аймгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд дуусаж байна. Энэ мэтчилэн бүх аймаг, сумын хүн амын эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг гаргах юм. Эрт илрүүлэгт өнөөдрийн байдлаар 860-аад мянган иргэн хамрагдаад буй.
-Өвчлөл ихсэж буй гол шалтгаан юу вэ?
-Манай улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зориулсан буюу зүрхний шигдээс, тархины харвалт, даралт, чихрийн шижин, хорт хавдар гэх мэт халдварт бус өвчлөлд зарцуулсан тусламж, үйлчилгээний зардал ДНБ-ээс хэд дахин өндөр. Бид угтаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гурвалжин гэж үзвэл тэр нь доошоо харчихсан л гэсэн үг. Зөв голдирлоороо бол эрүүл хүн амаа өвчлүүлэхгүй, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах ёстой. Урьдчилан сэргийлэхгүйгээр, эрүүл мэндийн боловсрол олгохгүйгээр, эрсдэлт зан үйлийг нь өөрчлөхгүйгээр монгол хүний дундаж наслалтыг 78-80-д хүргэх боломжгүй. Тухайн хүний цусны даралт ихэсдэг бол насан туршдаа эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж, стресс менежментэд суралцах ёстой. Манай улсад 15-69 насны гурван хүн тутмын нэг, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй. Халдварт бус өвчин нь хөдөлмөрийн насны иргэдийн өвчлөл, нас баралтын 77 хувийг эзэлж байна. Залуус зүрхний шигдээс, цус харвалт, хорт хавдраар олноор өвчилж байгаа нь харамсалтай. Тиймээс залуу үеэ бид эрүүл, зөв амьдралын дадалд хэвшүүлэх нь чухал.
Бэлтгэсэн Ю.Төгсжаргал