Салхин цэцэг өвчний тархалт нэмэгдэх магадлалтайг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэв. Тэрбээр “Салхин цэцэг өвчний тархалт өмнөх онуудынхаас харьцангуй нэмэгдэж байна. Тодруулбал, өнгөрсөн онд уг өвчний улмаас нийт 675 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлжээ. Тэгвэл энэ оны эхний гурван сард 300 гаруй хүн салхин цэцгээр өвчилж, эмчлүүлсэн байна. Тиймээс иргэд уг өвчнөөс сэргийлж, халдвар хамгааллын дэглэм баримтлах нь чухал” гэв. Үүний зэрэгцээ томуу, томуу төст өвчний тархалт төдийлөн буурахгүй байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. Тодруулбал, улсын хэмжээний эмнэлгүүдийн амбулаторид хандаж, тусламж, үйлчилгээ авсан нийт иргэний 16 орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаа аж. Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт иргэний 35 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгалгаатай гэнэ. Харин коронавирусийн тархалт буурсан бөгөөд үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ PCR шинжилгээ хийхээ зогсоосон байна.
Бэлтгэсэн М.Оч