Хүн амыг эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийг дэмжих төвүүдийг ходоодны уян дурангийн аппаратаар нэмж хангахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгал, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, эрүүл мэндийн салбарын цахим системийн хэвийн, найдвартай үйл ажиллагаа явуулахад техник, хангамжийн бүрдэл, тасралтгүй бэлэн байдлыг ханган ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дэмжих салбар хоорондын хамтарсан цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгав. Түүнчлэн “Шүд” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, Нүүр, ам судлалын үндэсний төв байгуулах талаар судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болголоо.