Япон орны талаарх ойлголтыг хүүхэд, залууст таниулах зорилготой “JENESYS-2022” солилцооны хөтөлбөрт оролцогчдыг үдэх арга хэмжээ өчигдөр Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төвд боллоо. Энэ удаагийн хөтөлбөрт 50 хүүхэд, залуус оролцож байгаа бөгөөд тэд гуравдугаар сарын 7-14-нд тус улсад зочилж, шинжлэх ухаан, технологи, спорт, соёл, уламжлалтай нь танилцахаас гадна япон айлд зочилно. Японы Элчин сайдын яамны дэд тэргүүн Ш.Кикүма тус улсын Гадаад харилцааны яамнаас жил бүр зохион байгуулдаг уг хөтөлбөр нь хоёр орны харилцааны ирээдүйг залгамжлан, мэдээллийг идэвхтэй түгээх чадвартай залуучуудыг урин, ойлголтыг нь нэмэгдүүлэх зорилготой болохыг танилцуулаад, энэ удаагийн оролцогчдод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэр бээр “Хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Үүнээс өмнө монголчууд Японы дипломат ажилтнуудыг дайснаа гэж боддог байлаа. Тэр үед хоёр улсын иргэд нэгнээ сайн мэддэггүй байсан тул ийм үл ойлголцол гарсан. Тиймээс дахин ийм үйл явдал давтагдуулахгүйн тулд бид та бүхэнд өөрсдийн нүдээр Японд очиж, танилцах боломж олгохоор уг хөтөлбөрийг зохион байгуулдаг” хэмээсэн юм. JENESYS хөтөлбөрийг Япон Улсын Гадаад харилцааны яамнаас Ази, Номхон далайн орнууд, Хойд Америк, Европ, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд хоорондын ард иргэдийн найрамдалт харилцааг өргөжүүлэн дэмжих зорилгоор анх эхлүүлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд эдгээр орноос жилд дунджаар 2700 хүнийг Япон Улс хүлээн авч байгаа аж. Тус хөтөлбөрт Монголоос жил бүр 80-120 хүүхэд, залуус хамрагддаг ч сүүлийн хоёр жил цар тахлын улмаас түр хойшлуулаад байсан юм.
Бэлтгэсэн Л.Мишээл