Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа нүүр, амны тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хийв. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамрагдсан 860 мянга гаруй хүний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд бөгөөд тэднээс өвчлөлийн 238 184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрээс шүд цоорох өвчлөл 61.5, шүдний гажиг 2.4, хараа муудах 1.1 хувийг эзэлж буй аж. Бүртгэгдсэн шүд цоорох өвчлөлийн 121 602 тохиолдол буюу 83 хувь нь 6-17 насны хүүхдээс илэрчээ. Шүд цоорох өвчний тархалтын дэлхийн дундаж 40-45 хувь байхад манайх 80-99 хувьтай буюу хоёр дахин өндөр байгааг эл уулзалтын үеэр танилцуулсан юм.
Мөн нүүр, ам судлалын тусламж, үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлуудын талаар “Импайр дентал” клиникийн захирал Б.Энхбаатар илтгэл тавив. Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг шинээр зохион байгуулах, нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийг өргөжүүлэх, эрүүл мэндийн даатгалаас шүдний хувийн эмнэлгүүдэд санхүүжилт олгох зэрэг санал хэлж байлаа. Түүнчлэн орон нутагт шүдний эмч дутагдалтай, нүүр, амны эрүүл ахуйчийг бодлогоор бэлтгэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд шүд угаах цаг гаргах, орчныг нь бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх боловсрол олгоход анхаарах хэрэгтэйг оролцогчид хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналыг нь сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгөв. Тодруулбал, амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд авах арга хэмжээг цогцоор тусгасан танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, хувийн хэвшлийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авч, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжийг судлах, 2024 онд “Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган, төлөвлөгөө гаргах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг даалгасан юм.