Ерөнхий боловсролын 82 сургуульд менежментийг нь сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас уг ажлыг санаачилсан бөгөөд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээгээр доогуур байрт эрэмбэлэгдсэн сургуулиудыг сонгосон байна. Үүний хүрээнд дээрх яамнаас сургуулийн менежментийг сайжруулах дэмжлэгийн багийг 59 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан аж. Тус багийнхан өнгөрсөн баасан гарагт орон нутгийг зорьсон бөгөөд эхний ээлжид Баян-Өлгий аймагт ажиллах нь. Өнгөрсөн оны тавдугаар сард хийсэн гүйцэтгэлийн үнэлгээгээр Баян-Өлгий улсын дунджаас доогуур үзүүлэлттэй гарсан юм байна. Дэмжлэгийн багийг Гавьяат багш Ц.Цолмонбаатар ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд нь дээрх яамны харьяа байгууллагын мэргэжилтнүүд, МУБИС-ийн багш, төгсөх ангийн оюутнууд багтжээ. Тэд тухайн сургуулийн багш, ажилтнуудын ур чадварыг сайжруулах, монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн орчинд цахим хэрэглээг нэвтрүүлэх зэрэг үүрэг гүйцэтгэх аж.