Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” сургуулийн сурагчид өдөр бүрийг шинэ сонирхолтой эвентээр угтаж байна. Өөрөөр хэлбэл, тэд нэг өдөр бие биедээ талархал илэрхийлж, маргааш нь оросоор мэндэлж, нөгөөдөр нь найз нөхөдтэйгөө шинэ сурсан зүйлээ хуваалцаж, ном солилцдог болжээ. Мөн нэг өдөр нь цүнхгүй хичээлдээ явдаг гэнэ. Сургуулийн орчинд хүүхдүүдийн харилцааг сайжруулах, бүтээлч байдлыг дэмжих зорилготой уг эвентэд сурагчид маш идэвхтэй оролцож буй тул сар бүрийн календарчилсан шинэ төлөвлөгөө ч гаргасан байна. 12 дугаар ангийн сурагч С.Цэлмүүн “Манай сургууль өмнө нь ийм арга хэмжээ зохион байгуулж байгаагүй. Анх сургуулийн захирал санаачлаад, дараа нь Сурагчдын зөвлөлийн гишүүдээс санал авсан. Анги болгон дурсгалын дэвтэр нээгээд хүүхэд бүхэн дурсамжтай зүйлээ тэмдэглэж байгаа нь надад таалагдсан. Гадаад хэлээр ярьдаг өдөрт манай ангийнхан идэвхтэй оролцсон. Мөн “Эко сургууль” арга хэмжээний хүрээнд илүү зардал гаргахгүй гээд ус, эрчим хүчээ хэмнэх болсон нь үр дүнгээ өгнө байх” гэж ярилаа.
Бэлтгэсэн Ж.Бурмаа