Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг шударга, ил тод зохион байгуулж зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уг салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, борлуулалтын болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, ийм бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам” батлан хэрэгжүүлж буй. Эл журмын хүрээнд МХБ-ээр дамжуулан өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ноос хойш таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс борлуулжээ. Дуудлага худалдааны явцад оролцогчдоос “Цахим биржээр дамжуулан худалдах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайтын боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох, харин бусад байдлаар борлуулж зөвхөн автомашинаар тээвэрлэх бүтээгдэхүүний ханшийг БНХАУ-ын Ганцмодны боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүсээд байгаа” талаар санал, хүсэлтүүд ирүүлсэн аж. Мөн тус журамд биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувиар тогтоосон нь оролцогчдын тоо цөөн байхад нөлөөлж байгаа гэжээ. Иймээс Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар дээрх журамд өөрчлөлт оруулж, биржээр арилжих нүүрс нийлүүлэх цэгийг “Чингэлэг тээврийн терминал, эсхүл БНХАУ-ын Ганцмодны боомт дахь нүүрс ачиж буулгах талбай” гэж өөрчилж, арилжааны дэнчинг 10 хувиас тав болгон бууруулахаар тогтлоо.
Бэлтгэсэн Б.Сонор