Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах нээлттэй сонсголыг өчигдөр Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос зохион байгуулав. Тус хорооны хоёр гишүүний орон тоонд Ц.Оюунбаатар, Э.Сундуй, Д.Сүхгэрэл, Ч.Сэмжидмаа, С.Уламбадрах гэсэн таван нэр дэвшигч өрсөлдлөө. Ажил хэрэгч тахир дутуу иргэдийн холбооны тэргүүн Ц.Оюунбаатар ньхөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр дагнан ажиллаж ирсэн бол Э.Сундуй нь“Попорч болдоггүй сэдвүүд” хөтөлбөр, “Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын үнэлгээ-2020” төслийн зохицуулагчаар ажиллаж байжээ.
Нэр дэвшигч Д.Сүхгэрэл нь “Иргэдийн альяанс” төвийн зохицуулагч, “Оюутолгойнхяналт”, “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-ын тэргүүнээр ажиллаж, Орхон, Шүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөлөлд өртсөн иргэдийн эрх ашгийг “хамгаалагч” гэгддэг. Харин нэр дэвшигч Ч.Сэмжидмаа нь “Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”, “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”, “Сэтгэл зүй, мэдрэмж” зэрэг ТББ-ыг удирдаж байсан бөгөөд эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлсэн туршлагатай аж. Нэр дэвшигч С.Уламбадрах нь нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт цагдаа, хэсгийн байцаагчаар ажиллаж байжээ.
Энэ нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хийсэн сонсгол юм. Хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, тэдэнд тулгардаг аюул, эрсдэл, саад бэрхшээлийг арилгах, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр өргөн цар хүрээнд ажиллах үүрэгтэй дээрх хороо нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Дарга нь ХЭҮК дахь хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн байх бөгөөд хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах юм. ХЭҮК-ын хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнээр УИХ С.Дондовыг томилж, тэрбээр өнгөрсөн зургадугаар сард үүрэгт ажлаа хүлээн аваад байсан.
Харин бусад зургаан гишүүнээс хоёрыг нь Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооноос шууд нэр дэвшүүлэн томилохоор Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Л.Баасанжав, Х.Баасанжаргал нар арваннэгдүгээр сараас хойш үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Монголын хуульчдын холбооноос нэр дэвшүүлсэн Х.Баасанжаргал хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран Засгийн газрыг гурван шатны шүүхэд ялж, өвөл, хаврын морин уралдаанд бага насны хүүхдээр морь унуулахгүй байх шийдвэрийг гаргуулснаараа Олон улсын хуульчдын холбооноос 2018 онд “Нийтэд тустай өмгөөллийн үйл ажиллагаа” шагнал хүртэж байсан юм. Мөн тэрбээр МАН-ын дэргэдэх Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирлын албыг хашиж байсан билээ. Л.Баасанжав нь Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн аж.
Бусад дөрвөн гишүүнийг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, ХЭҮК батламжлахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг төлөөлөх гишүүдийг сонгон шалгаруулах үйл явц үргэлжилж байгаа нь энэ. Үргэлжилж буй хэмээсэн нь учиртай. Уг нь тус хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай хүсэлтийг анх өнгөрсөн долдугаар сарын 29-нөөс авч эхэлсэн. Үүнээс хойш буюу энэ оны нэгдүгээр сарын 14 хүртэл, үндсэндээ хагас жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа хүмүүсээс нэр дэвшүүлэх хүсэлтийг нь хүлээн авч, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох шаардлагыг хангасныг нь нээлттэй сонсголд оролцуулсан нь энэ. Өчигдрийн нээлттэй сонсгол хоёр дахь нь юм. Үүгээр хоёр гишүүнийг эхэнд нэр дурдсан таван хүнээс сонгоно. Уг сонгон шалгаруулалттай холбоотойгоор байгуулсан ажлын хэсгийнхэн сонсголоос хойш ажлын таван өдрийн дотор нууц санал хураалт явуулж, хамгийн өндөр оноо авсан хоёрыг нь сонгож, ХЭҮК-оос батламжлах юм. Ингэснээр Хүний эрх хамгаалагчийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг.
Харин өнгөрсөн зун анхлан хүсэлт хүлээн авахад таван хүн материалаа ирүүлснээс гурвыг нь сонсголоор “шалгаж”, Ц.Отгонтунгалаг, Ч.Ундрах нарыг Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнээр арваннэгдүгээр сард сонгон, үнэмлэхийг нь гардуулсан. Ц.Отгонтунгалаг нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгохоор түлхүү ажиллаж ирсний сацуу эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах чиглэлд нэлээд туршлага хуримтлуулсан нэгэн аж. Ч.Ундрах нь охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч юм. Тэрбээр 2012 онд Австралийн Шинэ өмнөд Уэльсийн их сургуульд хүний эрхийн хууль, бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, охидоос гадна хүчирхийлэлд өртсөн хөвгүүдийн зан үйлийг өөрчлөх зорилготой олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдаж байжээ. Сонсголд оролцох үеэрээ Ч.Ундрах нь “Гүнж” төвөө үүсгэн байгуулсан цагаасаа өөрөө болон хамтран зүтгэгчид нь хүчирхийлэл үйлдэгчийн заналхийлэлд удаа дараа өртөж, нэр төрд нь халдаж, гутаан доромжлуулж байснаа дурдаж, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшсэн шалтгаанаа тайлбарлаж байсан юм.
Энэ бол хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах олон бодитой шалтгаан, үндэслэлийн нэг. Шуудхан хэлэхэд, манай улсад хүний эрхийг хангах, тэднийг хамгаалахын төлөө явж буй хүмүүст ээлтэй байж чаддаггүй. Монгол Улс Ази тивд анх удаа Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай боллоо хэмээн хоёр жилийн өмнөөс онцолж ирсэн. Мэдээж энэ нь Монголын ардчилал, хүний эрхийг хангах чиглэлд том дэвшил болсныг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ хүний эрхийн төлөө зүтгэгчдээ уг хуулиар бодитой хамгаалж, дэмжиж чадах, эсэхийг Хүний эрх хамгаалагчийн хорооныхон ажлаараа харуулах ёстой. Харин тэд одоо л бүрэн болох гэж байх шиг. УИХ Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны хавар батлан, хэрэгжүүлж буй. Уг хуулийн дагуу ХЭҮК-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулах ёстой бөгөөд энэ ажлын явц ийм л байна.
Ямартай ч ХЭҮК-ынхон Хүний эрх хамгаалагчийн хорооны ажиллах журам, эрсдэлийн үнэлгээ болон аюулын зэрэг тогтоох аргачлалыг батлаад буй юм билээ. Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн, эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэгтэй тус хороо нь орон тооны бус байх ч үйл ажиллагаагаа бие даан явуулахаар хуульчилсан юм. Тухайлбал, хүний эрх хамгаалагчдад дарамт ирвэл эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлж, шаардлагатай арга хэмжээг авхуулан, хариуцлага тооцуулах нь Хүний эрх хамгаалагчийн хорооныхны үүрэг. Ингэхдээ хүний эрх хамгаалагчид төдийгүй тэдний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамтран амьдрагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчид учирч байгаа аюул, эрсдэлийн түвшнийг тодорхойлсон дүгнэлт гаргаж, ХЭҮК-т хүргүүлэх эрхтэй. Мөн хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилтийн талаар судалгаа хийлгэсэн гэнэ. Одоо тэд үйл ажиллагаагаа бодитоор эхлүүлж, хүний эрх хамгаалагчдаа хамгаалаасай. ХЭҮК-ын хэдэн гишүүн зөвлөмж өгсөн болоод өнгөрдөг, түүнийг нь тоодоггүй, биелүүлдэггүй байдалд зарчмын өөрчлөлт авчраасай. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болж, хүний эрхийг хамгаалагчдаа хамгаалах механизмтай болохыг олон улсын байгууллагуудаас удаа дараа зөвлөж ирсний ачаар арайхийж баталсан хуулиа улстөрчдийн онгирч, попордог сэдэв болгоод, цаасан дээр үлдээмээргүй байна.