Эпилепси буюу унаж татах эмгэгтэй хүмүүст манай улсад өдий хүртэл зөвхөн эмийн эмчилгээ хийж иржээ. Харин Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) тархи, мэдрэлийн мэс заслын өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжтэй болсноор энэ төрлийн эмгэгийн зарим хэлбэрт мэс заслын эмчилгээ хийж эхэлсэн байна. Япон, БНСУ, АНУ зэрэг хөгжингүй оронд уг эмгэгийн эсрэг уналт таталтын голомтыг лазераар түлэх, эмгэг дохиог өөрчлөх, саармагжуулах төхөөрөмж суулгах зэрэг мэс заслын дэвшилт эмчилгээг өргөнөөр ашигладаг байна. Мэс заслын эмчилгээ нь өвчний хүнд, хөнгөнөөс хамаарч ойролцоогоор 50-120 мянган ам.доллар буюу өндөр өртөгтэйд тооцогддог аж. Тэгвэл УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын эмч нарын багийнхан дотоод, гадаадын мэргэшсэн эмч нартай хамтран эмд дасалтай чамархайн эпилепсийн голомтыг авах, таталтаас болж гэнэт амьсгал, зүрхний үйл ажиллагаа зогсох эмгэгийн үеийн мэс засал зэрэг нарийн төвөгтэй эмчилгээг 14 удаа амжилттай хийгээд буй гэнэ. Тус эмнэлгийнхэн цаашид бусад хэлбэрийн эпилепсийг эмчлэх аргыг нэвтрүүлж, мэс заслын тусламж, үйлчилгээг өргөжүүлэхээр зорьж байгаа аж.
Бэлтгэсэн М.Оч