Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, мал эрүүлжүүлэх хөтөлбөр, Монгол Улсаас БНХАУ-д экспортолж буй хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцов. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй дээр дурдсан чиглэлд анхаарал хандуулан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
БНХАУ-ын хувьд нийт 14 хөрш улстай хиллэдэг 10 боомтыг цар тахлаас хойш хэвийн үйл ажиллагаатай болгосны 2 нь Монгол Улстай хиллэдэг. Мөн өнөөдрөөс эхлэн дахин нэг боомтын үйл ажиллагаа хэвийн ажиллахаар болж байна. Энэ нь найрсаг харилцаатай, мөнхийн хөрш Монгол Улстай харилцах харилцааг БНХАУ-ын талаас онцгойлон авч үзэж байгаагийн илрэл болж байгааг Элчин сайд тэмдэглэв.