Дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэнтэй холбогдуулан С.Эрдэнэ, Д.Ганбат тэргүүтэй хүмүүс өчигдөр мэдээлэл хийв. Тэд маргааш буюу энэ сарын 18-нд Үндэсний бодлогын хороог ээлжит бусаар хуралдуулан, Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон хүмүүсийн талаар шийдвэр гаргах гэнэ. Мөн Дээд шүүхийн шүүгчдийг хууль, хяналтын холбогдох байгууллагаар шалгуулахаа мэдэгдлээ. Тухайлбал, Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн шийдвэртэй холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд хандахаар болжээ.
АН-ын дарга С.Эрдэнэ “Манай намын зарим хүн “эв нэгдэл” гэсэн үгээр халхавч хийн, эрх баригчидтай хуйвалдаж, намаа худалдаж байна. АН-ыг МАН-ын охин нам болгох гэж байгаа хүмүүстэй эвлэрэхгүй, нэг тугийн дор нэгдэхгүй. Дээд шүүх хууль бус шийдвэр гаргалаа. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болчихож. Нийт шүүгчийнх нь 15 нь буюу 63 хувь нь ноцтой гэмт хэрэгт холбогдсон ч хэн нь ч хариуцлага хүлээгээгүй. Мөн мөнгө угаах гэмт хэрэгт найм, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэгт долоон хүн холбогдсон байгаа юм. АН-ын гэх ямар ч тамга, гэрчилгээгүй хүмүүс дур мэдэн хуралдаж, Л.Гантөмөрийг даргаар сонгосон нь улс төрийн хүчирхийлэл. 200 мянган гишүүнтэй АН-ын даргыг 150 хүний саналаар сонгох ёсгүй. Түүнийг даргаар бүртгэсэн шийдвэр бол Дээд шүүхийн тогтоол биш. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр биш, захиргааны акт учраас харьяалах шүүхэд нь хандана” гэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат “Дээд шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа нийт шүүгчийн хуралдаанд оролцогчид ганцхан саналын зөрүүтэй хуваагдсан юм билээ” хэмээлээ.