-Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээг эхлүүлэх нь-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр өчигдөр доорх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү байлцав. Талууд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Засгийн газрын тэргүүн нарын яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалтай өрнөж, талууд хоёр орны өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааг дүгнэж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын Төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд 2021 онд хөгжүүлэхээр тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал болж буйгаараа онцлог болохыг тэмдэглэж, тус улсын Засгийн газар, ард түмэн Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлээд, гуравдагч хөрш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаабүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаа гэдгээ нотлов.
Тэгвэл Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн БНСУ-д хийж буй айлчлалд тус улсын Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд, БНСУ-ын Энэтхэг, Номхон далайн стратегид Монголыг тэргүүлэгч харилцаатай орнуудын эгнээнд хамруулж, цаашид манай оронтой харилцан ашигтай, бие биеэ нөхсөн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр “БНСУ, Монгол Улс хэл соёлын ижил төстэй зүйлд түшиглэн 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрамдалт хамтын ажиллааг улам хөгжүүлж ирсэн түүхтэй. Манай хоёр улс стратегийн түншлэлээс гадна төрөл бүрийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлнэ гэж итгэж байна. Энэ удаагийн айлчлал манай хоёр улсын харилцааг улам илүү гүнзгийрэхэд чухал ахиц гаргана гэдэгт найдаж байна” хэмээн тодотголоо.
Манай талаас шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, ложистикийн зангилаа болгох, эл буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж буйг дурдаад, эл томоохон бүтээн байгуулалтад БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцохыг урив. Солонгосын тал дагуул хот байгуулах Монголын талын бодлогыг дэмжих зорилгоор “K-Сити нетворк” хөтөлбөрийнхөө хүрээнд хэрэгжүүлж буй Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод ухаалаг хот” төслийн үр дүнд үндэслэн төслийн цар хүрээг нэмэгдүүлэхээ илэрхийлсэнюм. Мөн Монголын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Орхоны хөндийд шинэ ухаалаг, ногоон хот байгуулах ТЭЗҮ, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах” төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх санал тавихад Солонгосын тал хамтран ажиллахаар боллоо.
Хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлж, төслийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцохоор болсон юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүхий л салбарт тэлж, БНСУ-тай бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж олширч, тус улсад эмчлүүлэх, жуулчлах болон суралцах оюутны тоо өсөж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Тэрбээр хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал нөхцөлүүдийн нэг нь иргэд харилцан чөлөөтэй зорчих явдал гээд, хоёр орны иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдийг ирэх гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, эрүүл мэндийн шугамаар зорчих бол визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчдог болох чиглэлд БНСУ-ын Засгийн газраас онцгойлон анхаарахыг хүсэв. Талууд иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд хамтран ажиллах хоёр талын ажлын хэсэг байгуулахаар тогтож, олон удаагийн визийн хамрах хүрээг өргөжүүлэхээр болсныг онцолж, эмчилгээний зэрэг хүмүүнлэгийн зорилгоор зорчих монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахаар болов. Мөн иргэдэд виз олгох процедурыг хурдасгах үүднээс хоёр талын консулын ажилтнуудын тоог нэмэхээр шийдвэрлэлээ. Үүнээс гадна Монгол, Солонгосын иргэдийн солилцоог өргөжүүлэх хүрээнд хоёр улсын соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын хөгжлийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллах талаар санал солилцсон юм. Цар тахал, гоц халдварт өвчинтэй тэмцэх зэрэг эрүүл мэндийн хамтын ажиллагаа нэн чухал болохыг талууд тэмдэглээд, анагаах ухааны салбарт ажиллаж буй Монголын 1000 эмч, сувилагч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллах, сургалтад хамруулах хүсэлтэй буйгаа манай талаас илэрхийллээ. Тэгвэл Солонгосын тал саналыг нааштай хүлээн авч, богино, дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтран ажиллах боломжтойг мэдэгдсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон дагалдах хүмүүс өнөөдөр БНСУ-ын Бусан хотод ажиллана.