Олон улсын “Moody’s” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг В3/тогтвортой түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэснээ мэдээлжээ. Үүнд ирэх жилүүдийн эдийн засгийн хүлээгдэж буй өсөлт, Засгийн газрын өрийн удирдлага сайжирч өмнөх үеийнхтэй харьцуулахад тогтвортой түвшинд хүрсэн зэрэг нь нөлөөлсөн аж. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас авч хэрэгжүүлсэн гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээ нь ирэх жилүүдийн санхүүгийн хэрэгцээг бууруулж, өрийг удирдаж болохуйц хэмжээнд хүргэснийг харгалзан үзсэн гэнэ. Мөн урд хөрш цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээгээ зөөлрүүлж, манайд дэд бүтэц, ложистик болон уул уурхайн томоохон төслүүд хэрэгжүүлж буй нь гадаад валютын нөөцийг өсгөхөд нөлөөлж, ирэх жилүүдэд ДНБ-ийг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх талаар тэмдэглэжээ. Тус агентлаг цаашид манай улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах болон буурахад нөлөөлөх хүчин зүйлсийг дараах байдлаар тодорхойлсон байна. Эл зэрэглэлийг сайжруулахад нөлөөлөх хүчин зүйлсэд Засгийн газрын гадаад өрийг зохистойгоор удирдах, санхүүжилтийн хэрэгцээг багасгаж, төсвийн удирдлагыг сайжруулах, эдийн засгийн өсөлт уул уурхайн салбараас хэт хамааралтай байгааг бууруулж, илүүтөрөлжүүлэхийг нэрлэжээ. Харин зээлжих зэрэглэл буурахад нөлөөлж болзошгүй хүчин зүйлс нь Засгийн газрын санхүүжилт, зээлийн хэрэгцээ шаардлага ихээр нэмэгдэх, өрийн хөрвөх чадварын эрсдэл, макро эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц гадаад санхүүжилтийн дутагдал, уул уурхайн томоохон төслүүдийг гацаах зэрэг болно хэмээн тайландаа дурдсан байна.