2005 оноос хойш “Манчестер юнайтед”-ыг эзэмшиж буй Глэйзерийн гэр бүл тус багийг зарах хүсэлтэй (таван тэрбум фунт) гэдгээ өнгөрсөн арваннэгдүгээр сард илэрхийлсэн юм. Мөн тэд хөрөнгө оруулалт татах хувилбарыг ч судалж байгаа. Харин “Daily mail”-ийн мэдээлснээр тэрбумтан И.Маск “Манчестер юнайтед”- ыг худалдах үйл явцыг анхааралтай ажиглаж байгаа аж. Сонирхсон талууд хоёрдугаар сарын 17-ны дотор саналаа ирүүлэх хуваарьтай тул энэ талаарх шийдвэр удахгүй гарах магадлалтай юм. Гэхдээ өнгөрсөн оны аравдугаар сард И.Маск тус багийг худалдаж авна гэдгээ зарласан ч удалгүй хошигносон гэж мэдэгдэж байлаа. Түүнээс гадна Катарын хөрөнгө оруулагчид болон Британийн хамгийн баян хүн Ж.Рэтклифф нар тус багийг худалдаж авахаар сонирхож байна.