Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй хэлэлцэх, үндэсний зөвшилцлийг хангах “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгын хоёр дахь шатыг өчигдөр Төрийн ордонд эхлүүллээ. Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулжбуй нь энэ. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар 2017 онд явуулсан түүхтэй. Улмаар үр дүнд нь үндэслэн боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 онд баталсан билээ.
Эхний шатны санал асуулгыг өнгөрсөн сарын 26-наас орон даяар эхлүүлж, санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1570 иргэнээс авсан. Энэ удаа тэднээс санамсаргүй түүврийн аргаар 50-иас доошгүй хувийг нь сонгож, Улаанбаатараас 374, орон нутгаас 427 хүн хүрэлцэн иржээ. Төрийн ордонд орж ирсэндээ итгэж ядан буй гэлтэй ийш тийш харж, цонх, цэцэг, зураг, хөшиг гээд элдвийг сонжих нэгэн байхад хамаг биеэ барьж, хэлж, дуугарахаа умартсан хүмүүс ч байх аж. Нэг аймгаас ирсэн гэхэд бие биеэ зүс танихаас цаашгүй, хэлэлцүүлгийн үеэр л нэг нутаг усных болохоо мэдэлцсэн хүн ч байв. Оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй аж. Насны хувьд дундаж нь 37, хамгийн залуу нь 20, ахмад нь 89-тэй. 20-29 насныхан оролцогчдын 12.5 хувийг бүрдүүлжээ. Боловсролын түвшнээр нь хэлбэл, 25 хувь нь дээд, 28 хувь нь бүрэн дунд боловсролтой. Харин бага боловсролтой болон боловсролгүй оролцогчид найман хувийг нь эзэлж байна. Мөн 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой оролцогчид гэнэ. Долоон хувь нь магистр болон түүнээс дээш буюу профессор хүртэлх эрдмийн зэрэг цолтой юм байна. Түүнчлэн оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй гэнэ.
Тус арга хэмжээг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ тэднийг нийт ард түмний төлөөлөл болон цугларсныг онцлоод, “Та бүхний дунд малчин, эмч, багш болон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд гэх мэт мэргэжил, боловсрол, нас, хүйс, орлогын түвшин харилцан адилгүй давхаргынхны төлөөлөл бий. Энэ бол улс төрийн зорилгоор үзэл бодлоо илэрхийлдэг цуглаан биш. Ард түмний төлөөлөл үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэж байна” хэмээсэн юм. Мөн санал асуулгад бэлтгэж, зохион байгуулах ажлыг удирдан, дүнг нь нэгтгэн, зөвлөмж боловсруулах үүрэгтэй Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар “Энэ танхимд хүрэлцэн ирсэн оролцогч бүр Үндсэн хуулиар олгосон, төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ хэрэгжүүлэх гэж байна. Цаг хугацаа шахуу, сэдэв, асуудал олон талтай, өргөн хүрээтэй байсан учраас санал асуулгын асуулт боловсруулах ажил Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн хувьд амаргүй байсан” гэж байлаа.
Өчигдрийн хувьд “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал” гэсэн сэдвийн хүрээнд өрнөв. “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага” сэдвээр МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, доктор (Ph.D), дэд профессор Н.Мягмарцоож, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул нар илтгэл тавьсан юм. Энэ шатны хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн даргалав.
Хэлэлцэх гэж буй асуудал, дэвшүүлж байгаа асуултын талаар эерэг, сөрөг талтай, тэнцвэртэй мэдээллийг оролцогчдод өгөх нь чухал. Тухайлбал, дээрх сэдвийн дагуу илтгэгчид иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, гадаадын улс оронд оршин суугаа иргэдийн сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөг хангах, тайван жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарлахгүй байх, хилийн чанадад төрсөн монгол хүүхдүүдийн давхар иргэншлийг зөвшөөрөх, төрийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, албан хаагчдынх нь хөрөнгө, орлогын зэрэгцээ зарлагын мэдүүлгийг нь давхар авдаг болох зэрэг олон суурь асуудлыг тойрсон мэдээллийг дутагдалтай болон сул талтай нь хамт танилцуулж байлаа.
Харин УИХ-ын дарга нээлтийн үгэндээ эл сэдвийн дагуу зарим тодорхой асуудлаар байр суурь илэрхийлнэ лээ. Тодруулбал, тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн хариуцлага, шударга ёсыг сахих Үндсэн хуулийн байгууллага буй болгохоор заасны дагуу УИХ-ын хяналт, шалгалтын хуулийг баталсан. Ийнхүү парламентын бүтцэд Хянан шалгах түр хороо байгуулан ажиллаж байна. Харин өнөөдөр энэ асуудлыг нэг шат ахиулан, төрийн хариуцлага, хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх бие даасан байгууллагатай байх боломж бий. Үүнтэй холбоотойгоор хоёр загвар дэвшүүлж байгаа. Азийн эрх зүйд төрийн хариуцлага, хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхэд манайд өмнө нь ажиллаж байсан Ардын хянан шалгах хороо шиг байгууллага байх ёстой гэж манай ахмадууд санал гаргадаг. Энэ нь ард түмнийг төлөөлж УИХ, Засгийн газар, хууль, шүүхийн байгууллагуудад төрийн хяналтыг хэрэгжүүлдэг. Харин Европын загварт төрийн хяналт, шалгалтыг Үндсэн хуулийн байгууллага бий болгон хэрэгжүүлэхийг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, одоогийн ажиллаж буй УИХ-ын хянан шалгах түр хороо шиг загвар гэсэн үг. Хууль засаглах ёсыг төлөвшүүлсэн, шударга ёс тогтсон улс орнуудад иргэний болон нийтлэг эрх ашгийг хамгаалах байгууллагууд үр дүнтэй ажилладаг. Харин хуулийн засаглал харьцангуй сул улс орнуудад Үндсэн хуулийн байгууллага бий болгох замаар хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж судлаачид үздэг юм” хэмээсэн. Оролцогчдоос хэлэлцэж буй асуудал, сэдвийнх нь талаар сонирхоход, нэлээд нь “Ардын хянан шалгах хороо шиг байгууллага бий болгон ажиллуулдаг загвар байдаг юм байна” гэх маягаар ярьж байсан юм.
Үндсэн илтгэлтэй танилцаж, тодорхой мэдээлэл өгсний дараа хэсгийн хэлэлцүүлгүүдийг эхлүүлэв. Оролцогчдыг 15, 15-аар нь буюу нийт 54 жижиг хэсэг, бүлэг болгон хуваарилж, УИХ-ын хуралдаан болдог танхимуудад “тараажээ”. Тэднийг чөлөөтэй ярилцах, байр сууриа илэрхийлэх боломжоор хангах, чиглүүлэх үүрэгтэй модератор жижиг бүлэг тус бүрт ажилласан юм. Хэсгийн хэлэлцүүлгийн явцад оролцогчдыг хөндлөнгийн нөлөөгүйгээр өөр хоорондоо ярилцах, байр сууриа илэрхийлэх боломж олгох нь чухал. Тиймээс ч хэвлэлийнхнийг оролцогчдоос ярилцлага авах, тэр дундаа байр суурийг нь тодруулж, хөтөлсөн асуулт тавихыг хориглож байлаа. Харин оролцогчдын бие даасан байдлыг хангаж буй, эсэхэд Зөвлөлдөх зөвлөлийн болон тус зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Үндэсний статистикийн хорооныхон хяналт тавьж байв.
Оролцогчдын хувьд байр сууриа хараат бусаар илэрхийлж чадаж байна гэдгээ хэлж байсан юм. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн иргэн Б.Баяржаргал “Манай баг Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсээс бүрдсэн. Тийм ч учраас багаараа ярилцаад суухад асуудлыг олон өнцгөөс харж байна. Мөн нас болгоны төлөөллүүдээс бүрдсэн байгаа нь их таалагдсан” гэсэн бол Орхон аймгийн иргэн Х.Буянхишиг “Дуу хоолойгоо хүргэх боломж гарсанд баяртай байна. Манай аймгийн 100 мянга гаруй иргэний төлөөлөл болж 25 хүн ирлээ. Иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн олон асуудалд энэ санал асуулга хариулт өгнө гэж найдаж байгаа. Тухайлбал, үнэхээр Үндсэн хуульд бүх бурууг өгөөд суугаад байх уу гэдэг нь ч харагдах байх. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол эхлээд нийгмийн сэтгэл зүй ямар байгааг зайлшгүй судлах ёстой. Цаашлаад үүн шиг хэлэлцүүлгийг өргөн хэмжээнд зохион байгуулах шаардлагатай” хэмээв. Харин Орхон аймгийн иргэн В.Азжаргал “Энэ уулзалт үнэхээр ач холбогдолтой болж чадвал зөв гэж харж байна. Гэхдээ үр дүнтэй байх, эсэх нь эргэлзээтэй байгаа болохоор итгэл үнэмшил төрсөнгүй. Яагаад гэвэл энд хэлэлцээд буй асуудлаа өөрсдөө аль хэдийн шийдчихсэн байж мэдэх магадлалтай. Өөрчлөх гээд буй зүйлсээ эртнээс биччихсэн байж магадгүй гэж хэлэх гээд байна л даа. Үүнийгээ олон хүнээр хэлэлцүүлэн шийдэж байна гэдэг нэрийн дор энэ уулзалтыг явуулж байх талтай. Гэтэл олон хүний үзэл бодол өөр шүү дээ. Ер нь миний хувьд энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт итгэхгүй байгаа” гэж байлаа. Мөн Баянзүрх дүүргийн иргэн н.Баярмагнай “Би гэртээ хүүхдүүдээ хардаг ээж. Энд ирээд мэдээллийн асар их хоцрогдолтой байснаа ойлголоо. Телевизийн цаанаас биш, өөрийн биеэр ирж мэдээлэл авч, саналаа өглөө” гэсэн бол Багануур дүүргийн иргэн Ц.Бат-Эрдэнэ “Цаашид аливаа асуудлыг хэлэлцэхдээ зөвлөлдөх санал асуулгын аргачлалыг ашиглах нь үр дүнтэй санагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Баянгол дүүргийн иргэн н.Бүжин сонсголын бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэснээ онцолсон бол Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Э.Даваажав тус уулзалтаас гарсан санал шийдвэр гаргах түвшинд бодит тусгалаа олох нь чухлыг онцолсон юм.
Тэд 70 минутын турш өөр хоорондоо зөвлөлдсөний дараа судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч нарт асуулт тавьж, хариулт авлаа. Өөрөөр хэлбэл, тэд нэгдсэн хэлэлцүүлгийн танхимдаа эргэн цугларч, хэсэг бүрээс гарсан асуултууддаа экспертүүдээс хариулт авсан гэсэн үг. Жишээлбэл, төрийн хяналт, шалгалт, сахилга хариуцлагыг сайжруулах, шударга ёсыг хангахын тулд бие даасан, хараат бус төрийн хяналт, шалгалтын тогтолцоог буй болгох асуудлаар жижиг бүлгүүдээр хэлэлцээд, асуултаа бэлдсэн хэрэг.
Өнөөдөр “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах”, “Нийгмийн тулгамдсан асуудлууд” гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ийн хоёр өдрийн турш холбогдох мэдээллийг сонсож, зөвлөлдсөн оролцогч бүрийг өмнө нь авсан шиг санал асуулгад дахин хамруулах юм. Хоёр дахь шатны санал асуулгын хариултыг авсны дараа Үндэсний статистикийн хороо дүнг нэгтгэж, энэ сарын 16-нд буюу пүрэв гарагт Зөвлөлдөх зөвлөлд тайлагнана. Дараа нь Үндэсний статистикийн хороо эхний болон хоёр дахь шатны санал асуулгын дүнг нэгтгэн боловсруулж, дүгнэлт, тайлангаа Зөвлөлдөх зөвлөлд ирүүлэх үүрэгтэй. Улмаар Зөвлөлдөх зөвлөл түүнд нь үндэслэн асуулт тус бүрээр зөвлөмж боловсруулан, УИХ-д хүргүүлнэ.