Тусгаар тогтнолын талбайд 10 дахь өдрөө үргэлжилж буй “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн, худалдааг зорилоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл арга хэмжээ чанар, аюулгүй байдлын баталгаатай цагаан идээг дундын зуучлагчгүйгээр, малчдын гараас шууд худалдан авах боломжийг нийслэлчүүдэд олгодгоороо онцлог гэдгийг орон нутгийн иргэд дурдав. Сар шинийн баяр угтсан энэ удаагийн үзэсгэлэн, худалдаанд Булган, Хангай, Чулуут, Өндөр-Улаан, Цахир зэрэг сумын 40-өөд малчин өөрийн гараар боловсруулж, бэлтгэсэн бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ.
Өчигдөр 12.00 цагийн үед очиход тус талбай хөл хөдөлгөөн ихтэй байв. Худалдаачид зорин ирсэн иргэдэд үйлчлээд тун завгүй. Үйлчлүүлэгчдийн асуултад хариулах, цагаан идээгээ жинлэх, савлах, тооцоо хийх, мөнгө задлуулахаар ийш тийш явах гээд толгой өөд татах завгүй байх аж. Энэ бужигнаан дундаас ганцхан хүн бидэнтэй цөөн хором ярилцах цаг зорьж гаргасан нь Цахир сумын Жинст багийн малчин Б.Насанжаргал байлаа.
-Худалдаа наймаа хэр өргөн дэлгэр болж байна вэ?
-Тун давгүй байна.
-“Архангайн цагаан идээ” үзэсгэлэн, худалдаанд өмнө нь оролцож байв уу?
-Долоо дахь жилдээ зорин ирж, улаанбаатарчуудад сүү цагаагаа худалдлаа. Энэ жилийнх 10 өдөр үргэлжлээд, маргааш (өнөөдөр) дуусах гэж байна.
-Наймаачид иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан гэж ярьж байна. Та үүнийг мэдрэв үү?
-Нийтлэгээр нь харвал өөр байх. Энэ хүрээнд яривал борлуулалт сайн байна. Архангайн бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааг хүмүүс тодорхой хэмжээнд мэддэг болсон. Ялангуяа хойд бүсийн сарлагтай сумдын малчдын боловсруулсан цагаан идээ нэр сайтай байдаг. Тэр үүднээсээ хүмүүс хүлээж байгаад зорьж ирж, үйлчлүүлэх нь олон. Эдийн засаг хямарлаа, үнийн өсөлт иргэдэд дарамт учруулж байна гэх таагүй зүйл өчнөөн дуулдаж буй ч монголчууд Сар шинийхээ бэлтгэлийг өмнөх жилүүдийнх шигээ л хийж байна.
-Малчид, худалдаачид цагаан идээг хэт өндөр үнээр борлуулдаг гэсэн шүүмжлэл жилийн жилд, ялангуяа Цагаан сарын үеэр гардаг. Тухайлбал, жижиг хэмжээний тавгийн идээний ааруул 250 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна. Энэ нь таны хувьд хэр бодитой ханш вэ?
-Тийм шүүмжлэл байнга гардаг. Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Цагаан идээ бол маш их хөдөлмөрөөр бүтдэг зүйл. Зөвхөн малаа саагаад, сүүгээ хөөрүүлээд л болчихдог юм биш. Олон шат дамжлага, ажиллагаатай. Бэлчээр, ус сайтай газарт малаа идээшлүүлж, өвчин, эмгэгээс хол байлгах нь хүртэл хөдөлмөр шүү дээ. Ааруул хийхэд хэчнээн их ажиллагаа ордог гэж санана. Малаа сааж, сүүгээ хөөрүүлнэ. Хөөрүүлснээрээ тараг бүрнэ. Буцалгасан тараг, нэрмэлийн цагаагаа тусгай уутанд шүүж, аарц гаргаж авна. Сайтар шахаж, шүүсэн аарцаа зүсэж, базаж, тусгай хэвэнд хийх зэргээр янз бүрийн хэлбэртэй ааруул хийдэг. Тиймээс энэ зэргийн үнээр худалдах нь нэг их буруудахгүй болов уу.
-Гэхдээ зарим нь хэтийдсэн өндөр үнэ хэлдэггүй гэж үү?
-Үнэ хөөргөдөг тал бий. Цагаан идээг дуурайлгаж хийдэг хүмүүс ч байдаг. Аарцтай янз бүрийн зүйл хольдог л гэнэ. Таагүй зүйл их сонсогддог. Хүмүүс түүнд нь хууртаж, худалдан авдаг учраас л тийм зүйл хийгээд байна шүү дээ. Зарим нь бүр хаширчихсан байна билээ. “Жинхэнэ үү”, “Гурилтай юу”, “Ямар нэг хольцтой юу” гэж асуудаг болж. Иргэд цагаан идээний талаарх ойлголт, мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Наанадаж цэвэр болон хольцтой ааруулаа ялгаж салгадаг байх нь чухал. Малчдын гар дээрээс шууд авчирч буй ааруул өдийд хатуу байх учиртай. Малчид ес, аравдугаар сард л цагаан идээнийхээ сүүлчийг боловсруулдаг шүү дээ. Гэтэл зарим нь саяхан боловсруулсан юм шиг л шинэ, нойтон цөрөм зарж байна. Өвлийн хүйтэнд сүү сааль хурааж, айраг цагаа хийх боломж хэр билээ гэдгийг хамгийн түрүүнд бодолцох ёстой юм. Иргэдийг ажиглаж байхад зөөлөн, нойтон ааруул их авдаг. Тэр нь гурилтай, элдэв хольцтой байх магадлал өндөр.
-Жишээ нь, танайх тавгийн идээний ааруулаа хэдэн төгрөгөөр худалдаж байна вэ. Үнэ ханшийг нь сонирхуулж болох уу?
-Бололгүй яах вэ. Нуух шалтгаан байхгүй шүү дээ. 15 ширхэг буюу гурван үе таваг засах ааруул, нэг кг цөрөмтэйгөө 220-250 мянган төгрөгийн ханштай. Таван үе тавгийн идээ 350 мянган төгрөгөөс эхэлж байна. Хорхой ааруул кг нь 26 мянган төгрөгийн үнэтэй. Ноднингийнхоос 1000 төгрөгөөр л нэмэгдсэн.
-Цагаан сар зэрэг уламжлалт баяр ёслолоос бусад үед цагаан идээ хэр эрэлттэй, гүйлгээтэй байдаг вэ?
-Ер нь боломжийн. Сар шинийн өмнө нэлээд сайн гүйнэ. Зун амралт, зугаалгын үеэр ч эрэлт өндөр.
-Малчдын хувьд зөвхөн цагаан идээгээр ашиг олж, ахуй амьдралаа залгуулах боломж бий юү?
-Боломжтой. Гол нь хүнээс их хөдөлмөр шаарддаг. Хөдөлмөрлөж л чадвал орлого олох боломж бий. Залуус хөдөөний ажлаас халширч, зүрхшээдэг.
-Та цагаан идээгээ орон нутагт хэрхэн борлуулдаг вэ. Зах, худалдааны төвүүдэд нийлүүлдэг үү?
-Бидэнд тулгамддаг гол асуудал нь энэ шүү дээ. Цагаан идээгээ тогтмол нийлүүлэх, хамтран ажиллах газар байдаггүй. Ихэнхдээ гар дээрээсээ л борлуулдаг. Энэ нь нэг талаараа үйлчлүүлэгчдэд чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг найдвартай газраас авах боломж олгодог давуу талтай.
-Боловсруулдаг арга ажиллагаа нь төстэй ч нутаг болгоны цагаан идээ өөр амттай, онцлогтой байдаг. Тэр дундаас Архангайнх алдартай шүү дээ. Нууц нь юундаа байна вэ?
-Манай аймаг сарлаг олонтой. Зөвхөн Цахир сумд 35 000 сарлаг бий. Сарлагийн онцлог нь ус, ургамал сайтай газарт бэлчдэг, шим тэжээлтэй өвс ургамал иддэг. Тиймээс сүү нь өтгөн, тослог өндөртэй байдаг. Ийм сүүгээр хийж байгаа ааруул, ээзгий ямар байх вэ, ойлгомжтой шүү дээ.
-Танайхаас цагаан идээ авдаг байнгын үйлчлүүлэгч хэр олон бэ?
-Бий. Эхлээд маш бага хэмжээгээр авч амтлаад, дараа нь эрэл сурал болж ирдэг хүмүүс байдаг.
-Та хольцтой цагаан идээг гаднаас нь хараад таних уу?
-Жирийн хүмүүс ялгахад төвөгтэй. Гэхдээ малчид танина. Энүүгээр ч мэр сэр харагдана лээ. Уг нь Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн үзэсгэлэн, худалдаанд дэлгэж буй бүх бүтээгдэхүүнээс жил бүр дээж авч, шинжилдэг. Энэ удаа ч тэгсэн.
Зарим нь ааруул болгон гурилтай байдаг гэж ойлгодог бололтой. “Энэ хэр гурилтай вэ” гэж асуудаг. Цагаан идээнд гурил холих сэтгэл, цаг зав малчдад байхгүй шүү дээ.
Б.Насанжаргалтай ярилцсаныхаа дараа хоёр иргэнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Б.Хишигсүрэн “Ул боов амархан хатчихдаг учраас ааруул авахаар энд ирлээ. Үнэ нь өнгөрсөн жилийнхээс ялимгүй нэмэгдчихэж. Тавгийн ааруул 250-400 мянган төгрөгийн ханштай байна. Идээний сууринд тавьдаг жижигхэн, дугуй гурван ааруул 20-30 мянган төгрөг гэнэ. Харьцуулж харж байгаад сонгох санаатай. Өнгө төрх, хэлбэрийг нь харж байна” гэсэн бол Р.Сүхзориг “Дүнжингарав”, “Мишээл экспо”-д ч цагаан идээний үзэсгэлэн, худалдаа гарч байгаа. “Бөмбөгөр”-ийн гадаа ч өчнөөн байна гэсэн. Ойрхноор нь ийшээ ирлээ. Архангайн цагаан идээний амт, чанартай ярих “юм” байхгүй. Харин гадаа, утаа униартай орчинд ил худалдахаар яадаг юм бол гэж бодогдлоо” хэмээн ярив.