Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 20 эмч, мэргэжилтнийг Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийнхан хамтран шалгаруулжээ. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 3-нд зарласан бөгөөд 265 эмч, эмнэлгийн мэргэжилтэн материалаа ирүүлснээс ийнхүү 20- ийг нь сонгосон аж. Тус хөтөлбөрийг энэ сарын 27-ноос эхлэн нэг жилийн хугацаанд цахимаар хэрэгжүүлэх гэнэ. Тодруулбал, шалгарсан эмч, мэргэжилтнүүд голчлон цахимаар хичээлээ үзэх бөгөөд гурван удаагийн семинарт биечлэн оролцох юм байна. Эрүүл мэндийн салбар дахь ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой эл хөтөлбөрийн хүрээнд таван жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчийг бэлтгэхээр төлөвлөжээ.