Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар эхлүүлээд есөн сар өнгөрөөд байна. Энэ хугацаанд хүн амын 25.7 хувь буюу 852 834 нь үзлэгт хамрагджээ. Тэдгээр иргэнээс 636 360 төрлийн өвчний сэжигтэй шинж тэмдэг илрүүлсэн аж. Үүний 48.3 хувийг хоол боловсруулах тогтолцооны өвчин эзэлсэн нь хамгийн өндөрт тооцогджээ. Өөрөөр хэлбэл, хүн амын дунд энэ төрлийн өвчлөл зонхилж байна гэсэн үг. Түүнчлэн эрт илрүүлэгт хамрагдсан 5518 хүн хавдартай, тэр дундаа 2347 нь хорт хавдартайг илрүүлсэн гэнэ. Мөн хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл өндөр байгаа нь энэ чиглэлд анхаарах шаардлага зайлшгүй үүссэнийг харуулж буйг албаныхан онцлов. Тодруулбал, үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн 61.5 хувь нь шүд цоорох өвчтэй, 2.4 хувь нь шүдний гажигтай байжээ.
Бэлтгэсэн М.Оч