Банкууд ам.доллар арилжихгүй, иргэд, аж ахуйн нэгжүүд валютын данснаасаа зарлага гаргах хязгаар тогтоосон талаар зарим хүн мэдээллээ. Энэ талаар тодруулахад, Худалдаа, хөгжлийн банк бүх салбараараа ам.доллар арилжихгүй байгаагаа дурдав. Мөн валютын дансны зарлагын дээд хязгаар 50 сая төгрөг бөгөөд нэг өдрийн өмнө хэдэн ам.доллар авахаа мэдүүлэх ёстойг үйлчилгээний ажилтан нь хэлэв. Харин ХААН, “Голомт банк” төгрөгийг ам.доллар болгох арилжааг хязгаарлаагүй аж. Түүнчлэн өдөрт 50 сая төгрөгөөс дээш дүнтэй дүйцэх “ногоон” авахдаа мөн нэг өдрийн өмнө мэдүүлэх ёстой гэв. Тэгвэл валют арилжааны “Найман шарга” захад өчигдрийн байдлаар ам.долларын хомсдол үүсээгүй, хэвийн арилжиж буйг нэгэн ченж өгүүллээ. Ташрамд дурдахад, Монголбанкнаас 2023 он гарснаас хойш энэ сарын 7 хүртэл гадаад валютын дуудлага худалдаагаар 325 сая ам.доллар нийлүүлжээ. Гадаад валютын нөөц өнгөрсөн сарын байдлаар 3.55 тэрбум “ногоон” байсан нь 2022 оны мөн үеийнхээс 9.7 хувиар багассан дүн болов.