Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах засгийн газрын тогтоол гарлаа. Авлигатай тэмцэх жилийн хүрээнд шүүр ажиллагааг даалгаж байна. Шүүр ажиллагаа гэдэг нь Улс төр болон нийтийн албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй орлогоо нотолж чаддаггүй албан тушаалтнуудыг шүүрдэн чөлөөлөхийг даалгаж байгаа. Нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд, зөрчил дутагдал гаргахгүй хэрэгжүүлэхийг даалгасан.
Төрийн өмчит компанид наалдсан, шимэгчилж ажиллаж амьдардаг, олон тэрбум төгрөгийн амины орон сууцтай, олон зуун сая төгрөгийн үнэлгээтэй автомашин хэрэглэдэг атлаа цалингаас өөр бизнесгүй гэдэг албан тушаалтнуудыг чөлөөлөх ажиллагаа энэ онд бүрэн хийгдэх ёстой.
Мөн шувуу ажиллагааг зохион байгуулна. Энэ нь авлига, албан тушаалын гэмт хэргээс оргон зайлсан, зугтсан, гадаадын улсад байгаа, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдүүдийг. Олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эх нутагт нь авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулна. шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийн нэрийг хуулийн байгууллага ил болгох байх.
Шилжүүлэн авч ирэх үйл ажиллагаа. Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгө орлогыг илрүүлэн буцаан авчрах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай . Гэмт хэргийн замаар олсон орлого, хураагдсан эд хөрөнгүүдийг хэрхэн улсын орлого болгож хэрэгцээтэй үйл ажиллагаанд захиран зарцуулах вэ гэдийг хууль эрхзүйн орчин бүрдүүлж танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгасан.
Сүүлийн жилүүдэд АТГ 2.5 их наяд орчим төгрөгийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлж, улсын орлого болгон битүүмжлээд байгаа. Улсын орлого болгосон эд хөрөнгө, мөнгийг хэрхэн зарцуулахыг тодорхойлох эрх зүйн орчинтой болгохыг даалгаж байна.
Эцэст нь шилэн байх ажиллагаа. Төрийн өмчит бүх компанийн засаглалыг энэ оны нэгдүгээр хагаст багтаан сайжруулж солихыг шилэн ажиллагааны хүрээнд даалгаж байна. УИХ-д төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг нэн яаралтай горимоор батлуулж, хэрэгжилтийг хангахыг даалгалаа. Төрийн өмчит компани бүрд зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх удирдлагыг томилох. Төрийн болон орон нутгийн бүх компаниудын удирдлагыг шилэн болгохыг даалгалаа.
Мөн Улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг УИХ-д шинээр хууль боловсруулж өргөн мэдүүлэх замаар, Улс төрийн намуудын санхүүжилтийг шилэн болгох эрх зүйн зохицуулалтыг үүрэг даалгавар болгосон гэлээ.