Манай улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) болон Хавдар судлалын үндэсний төвд хийж буй. УНТЭ-ийнхэн элэг шилжүүлэн суулгах 200 дахь хагалгаагаа ирэх сарын 17-нд хийхээр төлөвлөсөн байна. Мөн маргааш бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслаа хийхээр болжээ. Тус эмнэлэгт бөөр, элэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багууд төвлөрөн ажилладаг. Эдгээр багт тулгуурлан 2012 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулжээ. Гэсэн ч тус төв өдий хүртэл өөрийн гэсэн байргүй бөгөөд эл асуудлыг шийдэх хүсэлтийг дээрх төвийнхөн салбарын яамандаа гаргасан байна. Уг төвд өдгөө 191 хүн элэг, 600 хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр хүлээж байгаа гэнэ. Хүлээх жагсаалтад ийм олон иргэн бий ч байр хүрэлцээгүйгээс сард 5-6 хүнд л уг нарийн төвөгтэй хагалгааг хийх боломжтой. Тиймээс мэс засал хийлгэх иргэд багадаа найман сар хүлээх шаардлагатай болдог аж. Уг хагалгааг хийхдээ УНТЭ-ийн ерөнхий мэс заслын өрөөг ашигладаг байна. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа нь 10 орчим цаг үргэлжилдэг бөгөөд өрөө хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн өдөр төлөвлөсөн 10 орчим мэс заслыг хойшлуулахаас өөр аргагүйд хүрдэг. Тиймээс Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн шинэ барилга зайлшгүй хэрэгтэй гэсэн саналыг эмч, мэргэжилтнүүд гаргажээ. УНТЭ-ийн эзэмшлийн 1800 ам метр талбайд шинэ барилга барих боломжтой гэж дээрх төвийнхөн мэдээлсэн бөгөөд үүний санхүүжилтийг нь төр, засгаас шийдвэрлэх шаардлагатай байгааг уламжлав.
Бэлтгэсэн М.ОЧ