Манай улсад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан орлогч А.Зеяаг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг уулзалтын эхэнд Монгол Улс нь чухал гуравдагч хөрш, стратегийн түнш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг тодотгоод, хоёр талын хамтын ажиллагаа ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан, стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Түүнчлэн Монгол, АНУ-ын хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээ, тодруулбал, хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд Төрийн департаментаас үзүүлж буй дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлж, “Онлайн эрх чөлөө” эвслийг энэ онд даргалагч тус улсад амжилт хүслээ.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч А.Зеяа “АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг” хэмээн онцлон тэмдэглээд, ардчилсан үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн юм. Уулзалтын үеэр талууд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, эрх чөлөө, хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Бэлтгэсэн У.Наран