Зэвсэгт хүчний Жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсээс Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад уламжлалт “Амны хөндийн эрүүл мэнд” аяныг он гарсаар хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын дунд шүдний өвчлөл их байдагтай холбогдуулан эмчлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын шүдний эмч нараар тулгуурлан явуулж байгаа аж.
Зэвсэгт хүчний 120 дугаар ангид нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эмчилгээ, оношилгоог эхлүүлсэн бөгөөд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн шүдний эмч О.Насандэлгэр, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн шүдний эмч Б.Сувд-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн шүдний эмч Э.Долгоржав нар ажиллаж байна.
Томилгоот эмч нар хугацаат цэргийн амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнээс гадна байнгын бүрэлдэхүүнд “Амны хөндийн өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл”, “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ийм амархан”, “Шүд цоорох шалтгаан”, “Шүдийг хэрхэн зөв угаах вэ” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулжээ.