Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Алдаа, оноотой ч бага багаар урагшилж буй эл төслийн талаар Нийслэлийн Орон сууцын бодлогын газрын Орон сууцны дэд бүтцийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Туяатай ярилцлаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн 10 жилд хэчнээн яндан цөөлөв?
- Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулахаар 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд байршил баталж, тогтоол гаргасан. Үүнээс одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 18 байршил 57 хэсэгчилсэн талбайд 44 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Эдгээр төсөл хэрэгжүүлэгчдээс 34 төсөл хэрэгжүүлэгчдийн барилга угсралтын ажил нь төлөвлөлтийн дагуу хэрэгжиж, үр ашигтай ажиллаж байна. Зогсонги болон удаашралтай хэрэгжиж байгаа 10-аад байршил бий. Өнгөрсөн хугацаанд 6000 орчим гэр хорооллын айл өрхийн яндан буулгасан.
-Ер нь хэчнээн өрхийг орон сууцад оруулахаар төлөвлөж байсан юм бэ?
-28 байршлын 85 хэсэгчилсэн талбайд төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар 123 000 айл өрхийг орон сууцанд хамруулах юм. Одоогийн байдлаар газраа чөлөөлсөн 2778 өрх бий. Үүнээс 1511 өрхийн гурван талт гэрээг манай байгууллага хадгалж байна. Бусад нь орон сууцдаа орсон гэсэн үг. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу манай төсөл хэрэгжүүлэгчид 2022 онд нийт 4322 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй үеийг амжилттай давсан компаниуд маш сайн ажиллаж, оны эцсийн байдлаар 5684 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш компаниуд 16 671 орон сууц ашиглалтад оруулаад байна.
-Өнгөрсөн 10 жилд 2000 гаруй айл өрх газраа чөлөөлсөн гэлээ. Эдгээр өрхөөс өнөөдрийг болтол орон гэртэй болж чадаагүй хүн бий. Манай редакц руу утасдаж нөхцөл байдлаа ярьсан нь цөөнгүй. Үүнд хариулт өгөөч?
- Анх гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийн улмаас 600 орчим иргэн хохирсон байснаас үе шаттай шийдвэрлэсээр одоогийн байдлаар 131 айл үлдсэн. Эдгээр айл өрхүүд түр суурьшуулах байранд амьдарч байна. Тухайлбал газраа чөлөөлсөн 85 айл өрхийг хохироосон “Их өргөө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. “Их өргөө” ХХК нь 2014 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан боловч үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй тул цуцлагдсан. Өөрөөр хэлбэл, гурван талт гэрээ байгуулсан ч орон сууцад орж чадалгүй хохирсон тул НОСК-ын харьяа түр суурьшуулах байранд оруулсан. 2022 онд эдгээр айлын асуудлыг нэлээд амжилттай шийдвэрлэлээ. 2022 онд дээрх 85 айлын байршил дээр хоёр удаа сонгон шалгаруулалт зарласан. Эхний шалгаруулалтад шаардлага хангаагүй компани орж ирсэн. Хоёр дахь удаад шаардлага хангасан компани орж ирсэн. Санал хураалтаар төслийн байршил дахь иргэдээс 80-аас дээш хувийн дэмжлэг авсан. Тус компанийн төсөл хэрэгжүүлэх батламжийг хэд хоногийн өмнө гардуулаад байна. Төлөвлөлтөөр тус компани нь гурван үе шаттайгаар орон сууцны төсөл хэрэгжүүлж, ашиглалтад оруулсан байрандаа дээрх 85 өрхийг эхний ээлжид оруулна гэсэн тохироотой төслийг хэрэгжүүлэхээр болсон. Мөн инженерийн дэд бүтцийн асуудлыг нь ч шийдвэрлүүлсэн. Азийн хөгжлийн банкны төслийн шугамаар зургаан тэрбум төгрөгийн шугам сүлжээний асуудлыг шийдсэн. Дээр нь одоо үйл ажиллагаагаа хэвийн хэрэгжүүлж буй “Бармон” ХХК, “Би Си Кей Си” ХХК зэрэг компаниуд үлдсэн айлуудаа байр нь ашиглалтад оронгуут оруулахаар төлөвлөсөн.
- Үнэлгээний хороо цүнхний компаниуд шалгаруулсан нь бишгүй. Улмаар дахин төлөвлөлтөд хамрагдсан цөөнгүй иргэн хохирсон, зарим нь нас барсан. Үүний дараа л төсөл хэрэгжүүлэгч компанийн эрхийг цуцалсан. Өнөөдөр бас 10-аад компанийн асуудал яригдаж байна. Ер нь төсөл хэрэгжүүлэгчдийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?
- 2013, 2014 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дөрвөн удаагийн тогтоолоор дахин төлөвлөлтийн байршлуудыг баталж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчдийг сонгон шалгаруулсан. Нэмж 2018, 2019, 2021, 2022 онд шинээр нэг, нэг байршил баталсан. Төсөл хэрэгжүүлэгчдийн сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны журмаар санхүүгийн болон техникийн чадавх, ижил төстэй ажлын тодорхой хэдэн жилийн туршлага, борлуулалтын орлого нь төслийн төсөвт өртгийн 50-иас дээш хувийг хангаж буй, хүний нөөцийн болон машин тоног төхөөрөмжийн хувьд чадамжтай, эсэхийг харгалзаж компанийг сонгон шалгаруулдаг. Тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширч зогссон болон төслийг бүр хэрэгжүүлээгүй компаниуд бий. Эдгээр төсөл хэрэгжүүлэгчдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалсан. Хяналт тавих үүрэгтэй хяналтын хорооны хурлын тэмдэглэл, тайланд бүх мэдээлэл нь дэлгэрэнгүй бий. Цүнхний эсэхийг нь мэдэхгүй. Тухайн үеийн үнэлгээний хороо хууль, журмын дагуу шалгаруулсан. Харин цуцлахдаа санхүүгийн чадавхгүй, үйл ажиллагаа явуулаагүй зэрэг шалтгаанаар эрхийг нь цуцалсан байх. Одоогийн төсөл хэрэгжүүлж буй 44 компани дотор явц нь удааширсан, төслөө хангалтгүй хэрэгжүүлсэн компани хэд хэд бий. Товчхондоо, Гэр хорооллын газрыг барилгажуулах 44 төсөл хэрэгжүүлэгчээс 34 нь үр ашигтай ажиллаж байна.
-Ямар шалтгаанаар удааширсан юм бол?
-Манай хэлтсээс өнгөрсөн долоо хоногоос төсөл нь удааширсан компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж ажиллаж байна. Голчлон инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хангамжтай холбоотой тайлбар хэлдэг. Мөн ашиглалтад оруулахад бэлэн болсон орон сууцны барилгад дулаан, цахилгааны техникийн нөхцөл хүрэхгүй болсон гэх асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, компаниуд барилгаа ашиглалтад оруулахын тулд шаардагдах цахилгаан, дулаан хангалтгүй болж байна гэсэн үг. Бид Эрчим хүчний яам болон Барилга, хот байгуулалтын яаманд асуудлыг тавьж хамтарч шийдвэрлэхээр ажиллаж байна. Цахилгаан хангамжийн тендерийн ажил байгаа, худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулсанаар зүүн бүсэд цахилгааны хүчин чадал нэмэгдэх юм. Тодорхой хэлбэл, Зүүн бүсийн 3.7 тэрбум төгрөгийн өртөгтэй цахилгаан хангамжийн сувагчлалын тендерийн асуудал. Худалдан авах ажиллагаанд үүнийг гүйцэтгэх компани гарч ирэхгүй байна. Энэхүү тендер амжилттай шийдэгдвэл зүүн бүсэд цахилгааны хүчин чадал нэмэгдэх юм. Энэ мэт шалтгаанаар зарим компаниудын үйл ажиллагааг удааширч, гацаанд орчихоод байгаа юм. Энэ мэт шалтгаанаар зарим компаниудын үйл ажиллагаа удааширч байгаа юм. Мөн ковид, хил гааль, барилгын материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалсан ч бий. Мөн шугам сүлжээний хөрөнгө оруулалт, төсөв хангалттай биш байгаа зэрэг шалтгаанууд байна. Компаниас шалтгаалахгүй дэд бүтэцтэй холбоотой асуудлыг улс, нийслэлийн төсөвт тавьж шийдэхээс өөр гарцгүй. Тийм хэдий ч ихэнх компани үйл ажиллагаагаа зогсоолгүй, барилга угсралтын ажлаа үргэлжлүүлж, дараагийн барилга руугаа ороод явж байна.
-Компаниас шалтгаалсан бол ямар хариу арга хэмжээ авах вэ?
-Компаниас шалтгаалсан асуудлыг Хяналтын хороогоор оруулж, эрхийг нь цуцлах, эсэхийг хэлэлцүүлнэ. Эрх цуцалсны ард иргэд хохирдог. Газраа чөлөөлчихсөн, компаниас байрны түрээсийн мөнгө авч байгаа иргэд гэсэн үг. Дараагийн төсөл хэрэгжүүлэгч шалгартал тухайн эрхийг нь цуцалсан компани газраа чөлөөлсөн айл өрхийн амьдрах байрны түрээсийг хариуцах ёстой. Гэтэл компаниуд төсөл хэрэгжүүлэх эрхээ цуцлуулчихсан, тиймээс иргэдэд түрээсийн мөнгө өгөх нь бүр алдагдалтай, хохиролтой гэдэг. Тиймээс хяналтын хороогоор оруулж, хэлэлцэж шийдвэрийг гаргадаг. Хяналтын хороог нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч ахалдаг. Гишүүдэд Хот байгуулалт, хөгжлийн газар, Замын хөгжлийн газар, Орон сууцны бодлогын газрын төлөөлөл гээд 8-9 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын хорооноос уг шийдвэрийг гаргадаг.
-Төр дэд бүтцээ хариуцах хууль бий. Гэтэл 2017 оноос хойш л БНХАУ-ын буцалтгүй тусламжаар нэг тэрбум юань авч, дэд бүтцэд хөрөнгө оруулна гэж ярилаа. Засгийн газраас бүр тогтоол гаргаж байв. Өнөөдөр энэ нь хэрэгжээгүй л байна. Өөр гарц шийдэл алга уу?
-БНХАУ-аас авах буцалтгүй тусламжид “Бэрэн”, “Цагаанхуаран” зэрэг компанийг хамруулахаар ярьж байсан юм билээ. Улмаар Хөгжлийн банкаар дамжуулаад зээл авсан. Өнөөдөр “Цагаанхуаран”, “Хангай” хотхонууд баригдсан. Сүүлийн үеийн нөхцөл байдлын тухайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажилд өнгөрсөн жил нийслэлээс 10.5 тэрбум төгрөг суулгасан. Төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалаад хөрөнгө оруулалт багасаж, 2.8 тэрбум төгрөг болж шийдэгдсэнийг зургаан байршилд бага багаар хуваарилсан. 2022 онд санхүүжих үнийн дүн нь хасагдсаар байгаад 200-500 сая төгрөг болж буурсан. Энэ жилийн хувьд нийслэлийн төсвөөс хоёр тэрбум орчим төгрөгийг дэд бүтцэд төсөвлөсөн. Дээр хэлсэнчлэн шугам сүлжээний хүртээмжийн асуудлаа Эрчим хүчний яам болон Барилга, хот байгуулалтын яам руу хандсаар л байна.
-Дэд бүтцэд нийт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм бэ?
-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж дуустал зөвхөн инженерийн дэд бүтцэд 250 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Үүний 30 тэрбум нь энэ жил шаардлагатай. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахад хөрөнгө оруулалт их шаардагддаг. Агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулахад хамгийн түрүүнд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх нь чухал.
-Шүүхийн маргаантай газрын асуудлуудаа шийдэж чадсан уу?
-Шүүхийн маргаантай зарим асуудлууд шийдэгдэж байна. Чингэлтэй 7, 8 хороонд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Эрэл” компанитай холбоотой шүүхийн маргаан байдаг. Гэхдээ тухайн байршилд газар чөлөөлөлт хийгээгүй учраас хохирсон айл байхгүй. Иргэд дахин төлөвлөлтөд хамрагдана гэсэн хүлээлттэй байдаг. Эдгээр асуудал эцэслэн шийдэгдмэгц төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, төслийг үргэлжлүүлнэ.
-Аж ахуйн нэгжүүд чөлөөлсөн газраа нэр дээрээ шилжүүлэхэд асуудал үүсдэг. Энэ асуудал шийдэгдсэн үү?
- Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмаар төсөл хэрэгжүүлж дуусаад гэрээгээ дүгнэсэн үед уг газрыг тухайн компанид эрх шилжүүлдэг. Үүнээс өмнө гурван талт гэрээнд заасны дагуу үл хөдлөх болон газрын гэрчилгээг манайд хадгалдаг. Төсөл дууслаа, барилга хүлээлгэж өглөө, айл өрхийг орон сууцад оруулах үед нь бид гэрээг дүгнээд тухайн компани руу шилжүүлж болно гэх улсын комиссын актыг үндэслээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлнэ. Үүний дагуу компани газраа өөрийн нэр дээр шилжүүлж, иргэдэд байрны ордер буюу гэрчилгээг гаргуулах зохицуулалттай. Дээрх журмын дагуу ажлаа гүйцэтгэсэн л бол ямар ч асуудал үүсэхгүй.
-Гурван талт гэрээг зөрчсөн гэх гомдол их ирдэг. Уг гэрээг хэр боловсронгуй болгосон бэ?
-Барилга хот байгуулалтын сайдын баталсан гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар гэж бий. Гэрээг үлгэрчилсэн загвараар детальчилж хийнэ гэсэн үг биш. Тухайн нөхцөл байдалд тохируулаад сайжруулдаг. 2022 оны гуравдугаар сард Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоор гурван талт гэрээнд нэмэлт заалтууд оруулсан. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэгч нь гэрээнд заасан хугацаандаа төслийг хэрэгжүүлээгүй бол тэр хугацааных нь хоногоор алданги тооцно, мөн иргэний газрыг чөлөөлсөн бол байрны түрээсийн мөнгийг сар бүр тогтмол олгоно гэх мэт хэд хэдэн заалтыг нэмсэн.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд залгамж халаа байдаг уу, өмнөх дарга нь солигдохоор гурван талт гэрээг хүчингүй болсон гэх үгийг зарим компанийн төлөөлөл цухуйлгажээ. Тухайлбал, нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар албаа өгсний дараа “Ивээлт цамхаг”-аас газарт орсон иргэдэд гурван талт гэрээ хүчингүй гэх утгатай зүйл ярьсан тухай иргэдээс манайд мэдээлсэн.
- Б.Сүхбаатар дарга гурван талт гэрээнд гарын үсэг зурдаггүй. Нийслэлийн Засаг дарга гэрээний нэг тал болж гарын үсэг зурж баталгаажуулдаг. Нэг тал нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, үлдсэн нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч буюу газраа чөлөөлсөн иргэн байдаг. Засаг дарга гэрээ болгон дээр гарын үсэг зурах боломжгүй тул эрхээ шилжүүлдэг. Ингэхдээ нийслэлийн ЗДТГ-ын даргад шилжүүлнэ. Т.Оюунчимэг дарга байхдаа гэрээнд гарын үсэг зурдаг байсан. Одоо албыг нь авсан И.Баатархүү дарга гарын үсэг зурна. Дээрх хоёр дарга солигдох үед гэрээ баталгаажуулахаар ирүүлсэн төсөл хэрэгжүүлэгчид хуучин Тамгын даргын нэрийг бичээд ирүүлсэн байсан тул гарын үсгийг солиулж ирүүлэх шаардлагатай болсон. Үүнд зарим иргэн бухимдсан.
“Ивээлт цамхаг” компанийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж байна. Тус ХХК нь Хан-Уул дүүргийн 8-р хорооны В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр 2022 онд шалгарсан юм. Бид тухайн байрлалд газраа чөлөөлсөн иргэдтэй уулзсан. Мөн “Ивээлт цамхаг” компанийн түр оффист ч ажилласан. Хан-Уул дүүргээс шалгарсан зургаан компаниас харьцангуй үйл ажиллагаа нь урагшилж буй компани гэж хэлж болно. Барилгажилтийн төслөө батлуулаад, техникийн нөхцөлөө аваад, бичиг цаасны ажлаа хурдацтай шийдэж яваа. Иргэд компанийн хооронд үл ойлголцол үүссэнийг үгүйсгэхгүй. Хашаалсан газарт нь хур хог үүссэн, ажил нь урагшлаагүй гэх гомдол ирсний дагуу бид иргэд, компанийн төлөөллийг оролцуулж уулзалт хийж, ярилцсан. Гэрээ байгуулах үйл ажиллагаа удааширсан тал бий. Үүнд иргэд бухимдсан байх. Нийслэл хотын өмнө тулгамдаад байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах хамгийн оновчтой арга нь дахин төлөвлөлт учраас нийслэлийн удирдлагын зүгээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг хэрэгжүүлэхэд анхаарч ирсэн. Тиймээс аль ч дарга гарч ирсэн ач холбогдлыг ойлгодог. Гол нь улс болоод нийслэлийн төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж, дэд бүтцийн асуудал хүндрэлтэй байна. Нийслэлийн хувьд нэг дарга солигдлоо гээд ажил цалгардах асуудал гарахгүй, төрийн үйл ажиллагаа тогтвортой тасралтгүй явагдаж байгаа. Гурван талт гэрээ хүчингүй болсон асуудал байхгүй. Гарын үсэг зурах асуудал дээр удааширсан тул иргэд бухимдсан асуудал гарсан, ойлголцоод дахиж зурагдаад баталгаажсан.