Улсын хэмжээнд өнгөрсөн баасан гаргийн байдлаар хүн амын 25 хувь буюу 829 413 нь эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагджээ. Урьдчилан сэргийлэх уг үзлэгт хамрагдсан хүмүүсийн 70 орчим хувь буюу 578 708-аас нь ямар нэгэн өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, дараагийн шатлалын оношилгоо, эмчилгээ хийлгэхээр болсон аж. Тэдний олонх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, эмгэгтэй байжээ. Тодруулбал, дээрх 578 708 хүний 50.8 хувиас нь энэ төрлийн өвчин, эмгэг илрүүлсэн гэнэ. Мөн 10.3 хувийг нь амьсгалын тогтолцооны, 9.8 хувийг нь зүрх, судасны өвчин, эмгэг эзэлсэн байна. Үлдсэн хувийг нь бусад төрлийн өвчин, эмгэг эзэлжээ. Эрт илрүүлгийг өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд эхлүүлснээс хойш өдий хүртэлх хугацаанд ийм дүн гарсанюм. Ташрамд дурдахад, эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсээс 6-17 насныхны оролцоо хамгийн өндөр буюу 52 хувьтай байна.
Бэлтгэсэн М.Оч