Олон улсын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулдаг “The best FIFA football awards”-ыг жил бүр зохион байгуулдаг. Тус холбооны шилдгийг шалгаруулах санал асуулгад 211 гишүүн орны эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч нар оролцдог билээ. Үүний дагуу Монголын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцүка, багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат, багийн ахлагч О.Цасан-Охин нар дэлхийн шилдгүүдийг тодруулах санал асуулгад оролцсон байна. Тэд ОУХБХ-ноос тусгайлан гаргасан гар утасны аппликэйшнээр саналаа өгсөн аж. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Францын Парис хотод ирэх сарын 27-нд болох нь.