Багануур дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын эхээр бог малын мялзан өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Уг өвчин нь нийслэлээс гадна орон нутагт ч өргөн хүрээнд тархжээ. Тодруулбал, Багануур дүүргээс гадна 10 аймгийн 29 сумд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Үүнд Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг аймгийн зарим сум хамрагджээ. Манай улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас уг өвчин голомтлон тархаж эхэлсэн аж. Үүнээс гадна хонины цэцэг өвчний тархалт ихсэх хандлагатай гэнэ. Дорнодын дөрөв, Төв аймгийн нэг сумд уг өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоожээ. Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс шалтгаалан нийслэлд мал олноор орж ирэх болсныг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Үүнээс улбаалан Улаанбаатарт малын гоц халдварт өвчин тархах эрсдэл өндөр тул хотын хэмжээнд 396 албан хаагч хяналт, шалгалт хийж буй аж. Тэд өнгөрсөн гурав хоногийн хугацаанд нийт 4557 малыг хориглосон бүсээс гаргажээ.
Бэлтгэсэн М.Оч