-Хуурай ханиалгаад, шөнөдөө халуурч бие зарайгаад хэд хонолоо.
-Ямар эм уусан бэ?
-Ханиадны эсрэг сироп, халуун бууруулж тайвшруулах уусдаг эмнүүд уугаад нэмэр алга. Антибиотик авъя.
-Вирусийн гаралтай ийм ханиаданд антибиотик уугаад нэмэргүй, нэг удаадаа хурдан эдгээж болох ч дараа дараагийн удаа тунг нь улам нэмэх болдог. Тэгээд ч эмчийн заавраар өгнө шүү дээ.
-Өрхийн эмчид үзүүлж, 130 000 гаруй төгрөгөөр янз бүрийн эм авлаа. Ямар ч нэмэр алга хэмээн эмийн сангийн урт дарааллын хамгийн урд зогсож буй бүсгүй, эмийн санчтай ярилцав. Ард нь 10 гаруй хүн дугаарлан, хэн хүнгүй ханиад томуундаа ямар эм уувал хэрэгтэй талаар хэлэлцэнэ. Тэднээс хоёр нь:
-Манай хоёр хүүхэд ханиалгаж, халуурч хонолоо. Өглөө өрхийн эмнэлэг ороход бөөн дараалал. Ханиадтай хүүхэд, томчууд олон байна. Манай өрх хоёр эмчтэй гэтэл нэгнийх нь бие нь өвдөөд ажилдаа ирэхгүй байгаа гэнэ. Тэнд дугаарлаж байснаас эмийн санчтай зөвлөлдөн, эм авах санаатай явна.
-Энэ ханиад чинь эм уугаад дарагдахгүй, тан уувал сайн гэнэ шүү. “Монос”-ын бэлтгэдэг тангуудыг ясны шөлөнд найруулж уугаад, хоол унд сайн идээд эдгэж байна гэнэ. Би тан авна аа.
-Хэн тэгж байна. Ямар тан уух вэ?
-Ойр хавийнхан маань тан уугаад эдгэсэн гэсэн. Эм огт ууж болохгүй гэнэ шүү хэмээн хоёр бүсгүй хоорондоо ярилцан, тангийн нэр хэлэлцсэн нь уржигдар Баянгол дүүрэг дэх нэгэн эмийн санд өрнөсөн яриа байлаа.
Нийслэлд жил бүрийн 11-2 дугаар сард томуугийн дэгдэлт идэвхэждэг гэдэг. Ер нь хүүхэд, насанд хүрэгч хэн нь ч жилд 2-3 удаа ханиад хүрч, 7-10 хоног өвдөх, эмнэлгийн үйлчилгээ авах нь хэвийн үзэгдэл хэмээн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Т.Туул хэлсэн. Гэтэл энэ жил буюу 2022 оны арваннэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сард ханиад, томуу 4-5 удаа хүрч, өрхийн нэг эмнэлэгт хандах хүний тоо 2020, 2021 оны мөн үеийнхээс дунджаар тав дахин нэмэгдсэн гэнэ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн XIX хорооны өрхийн эмч “Хүмүүс томуу биш, вирусийн гаралтай ханиад хүрээд байна. Ямар вирусээр үүсгэгдээд, юу хэрэглэвэл зохих талаар тодруулахаар бид шинж тэмдгийнх нь талаарх мэдээллийг ХӨСҮТ рүү хүргүүлж буй. Хатгалгаа болоогүй тохиолдолд аль болох зөөлөн үйлчилгээтэй, олон өдөр уух эм хэрэглэхийг зөвлөж байгаа. Парацетамол, аспарины хольцтой, үрэвсэл дарах эмийг л голдуу санал болгож байна. Ийм эмнүүд уухын зэрэгцээ хоолоо зөв тохируулж, халуун бүлээн шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Иргэдийн ханиад эдгэхгүй байгаагийн нэг шалтгаан нь хэт олон төрлийн хоол ойр ойрхон идэн, биед сайн гэсэн болгоныг дур мэдэн хэрэглэж байгаатай холбоотой гэж болно. Мөн ханиангуутаа эмийн сан орж эмийн санчтай зөвлөлдөөд л эм аваад уучихаж байна. Үйлчилгээ тааруу санагдвал ахиад өөр хүнээс, эсвэл интернэт дэх зөвлөмжийг дагаад дур мэдэн нэмж эм уугаад байдаг. Эм ууж, биеэ эмчлэх явцдаа тан, аарц, чацаргана, чихэр өвс гээд олон зүйл хэрэглэж эмийн үйлчилгээг ч саармагжуулаад, биеийн эд, эс өөрөөрөө сэргэх хугацаа олгохгүй байх нь анзаарагддаг” гэж ярив.
Биеийн зовуурь нь арилахгүй удах, уусан эм нь таарч тохирохгүй, өндөр үнэтэй байгаа талаар иргэд гомдоллож байна. Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэн Ч.Гантөр “Манай гэр бүлийн дөрвөн гишүүн энэ өвөл ханиаднаас ер салсангүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас өдий хүртэл эм ууж, хоол ундандаа анхаарч буй ч үр дүнгүй шахам байна. Мөн хүүхдүүдэд уулгадаг сироп, хүлхмэл эмнүүд их үнэтэй. 150 граммаар савласан нэг сироп 30 000-50 000 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Үрэвсэл дарж, дархлаа дэмжих лаа гэхэд ширхэг нь 5000 төгрөг. Хоёр сарын хугацаанд бид эм, дархлаа дэмжих лаа, аминдэм авахад 1.4 сая төгрөг зарцууллаа. Одоо ч бүрэн эдгээгүй, эхнэр, бид хоёр ээлжлэн ажлаасаа нэг, нэг сарын цалингүй чөлөө авч хүүхдүүдээ харж байгаа. Утаанаас хол цэвэр агаарт, гэр бүлийн амралтад амрах гэтэл Зуунмодны аманд байрлалтай сувилал том хүн өдрийн 150 000, хүүхэд 120 000 төгрөг төлнө гэсэн. Дөрвөн хүн долоо хоног дамарч сувилуулахад бараг хоёр сая төгрөг зарцуулах нь. Одоо үед өвдөх, ханиад хүрэхэд өрхийн орлого тасалдаж, хүнд нөхцөлд ороход хүргэж байна” гэсэн юм. Утаа, агаарын бохирдол нь амьсгалын замын өвчин үүсгэх, өвчнийг хүндрүүлэх нэг шалтгаан болж буйг анхаарахгүй орхиж болохгүй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын ойр орчмын амралт, сувиллын газрын ханш, зуслангийн байрны түрээс өсөн, иргэдэд улам бүр дарамт болж буй аж. Тухайлбал, нярай болон бага насны хүүхэд нэг өдөр сувилуулахад багадаа 100 000, эцэг, эх нь 130 000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Мөн сувиллын явцад шаардлагатай зарим тарилга, эмийг тухайн гэр бүлийнхэн өөрдсөө даах аж.
Энэ өвөл ханиад томууны дэгдэлт өндөр, ялангуяа хүүхдийн өвчлөл их байгаагаас олон сарын өмнөөс товлосон хагалгаанууд цуцлагдах, эмнэлгүүдийн орны ачаалал хэтэрч, дүүргийн эмнэлгүүдэд иргэдийг 24 цагаар хүлээн авах болсон. Ийнхүү өвчлөл өндөр байгаад зарим эмч эмийн буруу хэрэглээ, дур мэдэн өөрсдийгөө эмчлэх оролдого нөлөөлдөг гэж байгаа бол зарим эцэг, эхийн зүгээс эмийн чанар муу, үйлчилгээ огт байхгүйтэй холбоотой гэсэн. Түүнчлэн агаарын бохирдол их байгаатай холбон тайлбарлах хүн ч цөөнгүй. Эмийн чанар, үнийн асуудлыг Эрүүл мэндийн яамны харьяа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрынхнаас лавлахад “Манай орон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, стандартын шаардлага хангасан 7200 гаруй эм, тарилга хэрэглэдэг. Үүний 25 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэн, үлдсэнийг нь импортолдог. Импортын эмийн жагсаалтад багтаагүй, үр дүн муутай, өндөр үнэтэй бүтээгдэхүүн оруулж ирсэн гэсэн гомдол мэр сэр гарч байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ эмийн чанар, үйлчилгээ муу гэж шууд дүгнэж болохгүй. Туршилт судалгаагаар баталсан, зах зээлд нэвтрүүлэх эрхтэй эм хэрэглэж байгаа” гэв. Харин эмийн үнийг олон улсын зах зээл дэх ханш, импортлогч компанийн зардал зэрэгт суурилан тооцдогийг дурдлаа. Мөн улсаас эм тус бүрийн үнийг хатуу тогтоох арга байхгүйг онцолсон юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд 2022 онд эм, эмнэлгийн үйлчилгээний үнэ өмнөх жилийнхээсээ 17.4 хувиар өссөнийг тэмдэглэсэн байгаа.
Эмийг эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэх, хүмүүсийн ам дамжсан яриагаар биеэ эмчлэхийг оролдох хандлага ихэссэн гэдэг нь үнэний ортой. Иргэд нэг нэгэндээ зөвхөн өөрт тохирсон эмчилгээг зөвлөх нь хэрээс хэтэрснийг зарим эмч хэлсэн. Бүр “Энэ ханиаданд эм уугаад ер нэмэр байхгүй. Адууны махтай саримстай битүү шөл, зөгийн балтай сүү уугаад, гичтэй халуун усанд хөлөө дүрээд, царван шингээсэн самбайгаар хүзүүгээ ороогоод унтана. Өглөө сэрмэгц ямар ч ханиад зовуурь алга болсон байна” хэмээн дүүргийн эмнэлгийн хүлээн авахад хүүхдээ үзүүлэхээр хүлээнгээ хэлж байгаа хүнтэй ч таарсан. Хэрэв ингээд өвчнөө илаарьшуулчих байсан юм бол эмнэлгийн дараалал хүлээн, цагаа үрж суух хэрэггүй санагдана.
Ийнхүү цалин орлого муутай монголчууд өвөл болгон ханиад, томуунд дарлуулж, санхүүгийн хүндрэлд орж, ийм ч шалтгаан, тийм ч нөхцөлөөс үүдэлтэй хэмээн бухимдан аргаа бардаг байдал хэзээ өөрчлөгдөх бол.