Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг халамжийн үйлчилгээ болгохоор Нийгмийн халамжийн тухай хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-аар баталсан билээ. Ингэснээр бүх хүүхдэд олгодог байсан мөнгөн тэтгэмжийг танаж, Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй зорилтот бүлгийнхэнд өгөх болсон юм. Энэ нь нийт өрхийн 91 хувь бөгөөд үлдсэн нь хүүхдийн мөнгө авахгүй гэсэн үг. Гэтэл төрийн байгууллагуудын өрхийн мэдээллийн сангийн бүртгэлийн алдаанаас болж нийт хүүхдийн 30 гаруй хувь нь мөнгөн тэтгэмжид хамрагдахааргүй болж, өнгөрсөн өдрүүдэд иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрэв. Өөрөөр хэлбэл, нийт өрхийн гуравны нэг нь амьжиргааны түвшин тогтоох судалгааны аргачлалын дагуу есөн хувьд багтахаар “баяжсан” тул хүүхдийн мөнгө авах эрхгүй болцгоосон юм.
Нийгмийн сүлжээн дэх иргэдийн гомдол, санал, бухимдал ч одоо хэр нь намжаагүй байна. Нийт өрхийн гуравны нэг нь гэнэт “баяжсан” шалтгаан нь ч эхнээсээ тодорхой болсоор буй. Үүнд бас иргэдийн өөрсдийнх нь хариуцлагагүй байдал ч жин дарж байгааг албаныхан хэлсэн. Тодруулбал, иргэд хаягийн бүртгэлээ зөв хийлгэдэггүй, шилжсэн даруйдаа харьяа хорооноосоо хасалт хийлгэж, бүртгэлээ баталгаажуулдаггүй, нэг хаягт олноороо бүртгэлтэй хэрнээ хамт амьдардаггүй, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахдаа нэр шилжүүлдэггүй зэрэг зөрчлөөс болж хөрөнгийн давхардал ихээр үүсжээ. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд харьяа хорооны улсын бүртгэгч нар, дүүргийн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд, авто тээврийнхэн гэхчлэн иргэдийн амин чухал бүртгэлийг хариуцдаг байгууллагууд мэдээллийг нь цахимд үнэн зөвөөр шивдэггүй, шилжилт хөдөлгөөн хийгдсэн тухай бүрт хасалт, нэмэлт хийдэггүй нь өнгөрсөн өдрүүдэд илчлэгдсээр буй. Эдгээр зөрчлөөс болж нийт өрхийн есөн хувьд багтах баячуудын тоо 30 гаруй хувь болж “нэмэгдэн”, тухайн нэг өрх л гэхэд гурав ба түүнээс дээш үл хөдлөх хөрөнгөтэй, хоёр машинтай, жилийн 50 саяас дээш төгрөгийн орлоготой болж таарсан юм.
Хүүхдийн мөнгөнд хамрагдсан, эсэхийг нь иргэдэд энэ сарын 15-наас мэдэгдэж эхэлсэн. Гар утсанд нь зурвас очоогүй бол иргэдийг “E-halamj” болон “E-Mongolia” цахим системээс хүүхдийн мөнгөнд хамрагдсан, үгүйгээ шалгахыг зөвлөсөн билээ. Үүний дагуу иргэн Б энэ сарын 17-нд цахимаар хүүхдийн мөнгө авах, эсэхээ шалгатал хассан байж. Тэрбээр гурван хүүхэдтэй, нөхрийнхөө цалингаар тавуул амьдардаг аж. Өрхийн мэдээллээ шалгатал ам бүлийн тоо нь зургаа, жилийн 50 саяас дээш төгрөгийн орлоготой, хоёр машинтай, гурван үл хөдлөх хөрөнгөтэй гэж гарчээ. Ингээд иргэн Б тэр дор нь алдаатай мэдээллүүдийг шалгуулах хүсэлтээ бөглөөд, цахимаар илгээсэн байна. Маргааш нь буюу 18-нд харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд дахин хандаж, алдаатай мэдээллүүдээ хэлж, хаягаасаа шилжсэн нэг илүү гишүүний мэдээллийг хасуулжээ. Ингэж шуурхай хөөцөлдсөний үр дүнд иргэн Б-гийн хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлт нь 18-нд баталгаажсан талаараа ярьсан. Энэ мэт өрхийн алдаатай мэдээллээ засуулсан иргэдийн хүүхдийн мөнгө түрүүчээсээ орж эхэлснийг албаныхан хэлж байна.
Иргэд хүүхдийн мөнгөний шинэчилсэн бүртгэлийн “ачаар” улсын бүртгэлийн байгууллагынхны хутгасан “холион бантан”-г мэдэж, хөрөнгийн давхардал, хаягийн зөрүүгээ арилгах, хүүхдүүдээ ах, дүү, аав, ээжийнхээ нэр дээрээс салгаж авах гэж хөгөө чирч, одоо ч ажлаа алдан барин хөөцөлдсөөр л яваа аж. Юуных нь цахим үндэстэн, цадигаа алдсан л юм болж байна хэмээн иргэд бухимдсаар л байна.