Зүрхний хүнд хэлбэрийн хавсарсан гажигтай төрсөн, хоёр сартай нярайд Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн анх удаа мэс засал хийж, амийг нь аварчээ. Энэ төрлийн өвчлөл манайд жилд 3-4 удаа бүртгэгддэг бөгөөд Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад багтдаг байсан гэнэ. Уг өвчнийг эх орондоо эмчилдэг болохын тулд УГТЭ-ийнхэн өнгөрсөн оноос БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуультай хамтран ажиллаж эхэлжээ. Үүний хүрээнд тус их сургуулийн эмнэлгийнхний дэмжлэгээр зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажигтай хүүхдэд мэс засал амжилттай хийсэн байна. Мөн эмч нараа энэ чиглэлээр мэргэшүүлэн сургажээ. Харин энэ удаад УГТЭ-ийнхэн анх удаа бие даан уг хагалгааг хийж, эх орондоо нэвтрүүлснээрээ онцлогтой аж. Тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багийнхан энэ сарын 9-нд нярайд хагалгаа хийжээ. Мэс засал амжилттай болж, хүүхдийн биеийн байдал сайжирсан бөгөөд удахгүй эмнэлгээс гарах гэж буй юм байна.
Бэлтгэсэн М.Оч