Зам, дэд бүтэц, үйлчилгээний байгууллагын хүртээмжийг сайжруулснаар Увсыг зорих жуулчны тоо эрс нэмэгдсэн гэж тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ. Увс аймаг 2022 онд 76 082 жуулчин хүлээн авчээ. Энэ нь 2018 оныхоос 2.5 дахин өссөн үзүүлэлт гэнэ. Аялагчдын урсгал нэмэгдэхийн хэрээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого өсжээ. Өнгөрсөн жилийн нийт жуулчны43.9 хувь буюу 33 400 нь зочид буудалд, 14.1 хувь буюу 10 750 нь отоглох цэгт байрлаж, 1.4 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Увс аймаг нь говь, хангай, тал хээл, нуурууд цогцолсон байгалийн үзэсгэлэнт газар олонтой, баруун Монголын өв соёлыг хадгалсан аялал жуулчлалын гол бүсэд тооцогддог. Ялангуяа Увс, Хяргас нуурыг түшиглэсэн аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй. Тэгвэл 2020- 2021 онд зөвхөн эл хоёр нуурын эрэг дагуу найман отоглох цэгийг улсын төсвийн хөрөнгөөр жуулчдад зориулан байгуулжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл