Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 1996 онд нэвтрүүлжээ. Тухайн үед Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т анх бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна. Түүнээс хойш өнгөрсөн оныг дуусталх хугацаанд элэг, бөөр шилжүүлэн суулгах нарийн төвөгтэй мэс заслыг нийт 555 удаа хийжээ. Тодруулбал, 294 хүнд бөөр, 261 хүнд элэг шилжүүлэн суулгаад буйг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас мэдээлэв. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг УНТЭ-т түшиглэн хийж буй. Тэгвэл элэг шилжүүлэн суулгах мэс заслыг тус эмнэлгээс гадна Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д хийдэг. Өнгөрсөн оны тухайд дээрх хоёр төрлийн эмчилгээнд 117 хүнийг хамруулсан байна. Үүний 42 нь бөөр, 75 нь элэг шилжүүлэн суулгах мэс засал аж. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний 45-ыг УНТЭ-т, 30-ийг нь ХСҮТ-д хийжээ. Тэр дундаа тархины үхэлтэй донороос элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг өнгөрсөн онд зургаан хүнд хийсэн гэнэ. Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныхан өнгөрсөн онд тархины үхэлтэй донор 60-ыг илрүүлжээ. Ингээд 13-ынх нь гэр бүлийнхэнтэй уулзан, дөрвөөс нь донор болох зөвшөөрөл авсан байна. Үүний үр дүнд дөрвөн хүнд бөөр, хоёр хүнд элэг, 16 хүнд шөрмөс шилжүүлэн суулгасан аж. Бусад хүнд амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгажээ. Ташрамд дурдахад, манай улсад өдгөө дээрх хоёр төрлийн мэс заслаас гадна ясны чөмөг үүдэл эс, шөрмөс, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байна.
Бэлтгэсэн М.Оч