Санхүүгийн зохицуулах хорооноос “Компанийн засаглалын кодекс”-ийг шинэчлэн баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр нээлттэй хувьцаат компаниудаас гадна даатгагч, банк бус санхүүгийн байгууллага болон хөрөнгөоруулалтын менежментийн компаниуд дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд зохицуулалттай 116 этгээдийн кодексийн хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулжээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар кодексийн хэрэгжилтийн нөхцөл байдлын үнэлгээ 55.3 хувьтай гарсан байна. Тиймээс үнэлгээний тайланд үндэслэн компани тус бүрт зөвлөмж хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн аж. Биелэлтийг нь өнгөрсөн сард тооцож, давтан үнэлгээ хийснээс зохицуулалттай гурван салбарын кодексийн хэрэгжилт дунджаар 16.4 хувиар өссөн дүн гарчээ. Ингэснээр компанийн засаглалын чанар буюу кодексийн хэрэгжилтийн үнэлгээний үр дүнд суурилсан зэрэглэл тогтоох арга хэмжээ дээр дурдсан салбаруудад хэрэгжиж эхэлснийг СЗХ-ноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, зохицуулалттай 116 этгээд нь ТУЗ-ийн дэргэдэх хороодын бодлого болон эрсдэлийн удирдлагын журам заавраа боловсронгуй болгон, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх дотоод зохицуулалтыг бүрдүүлж, хөндлөнгийн аудиторын хяналтыг сайжруулах зэргээр кодексийн засаглалын хэрэгжилтийн үнэлгээгээ ахиулж чаджээ.