Коронавирусийн цар тахлын халдварын үед орон нутагт хамгийн их тулгамдсан асуудлын нэг нь хүчилтөрөгчийн хангамж байсан билээ. Аймгууд хүчилтөрөгчийн үйлдвэргүйгээс болж амь тэнссэн үеийн болон яаралтай тусламж үзүүлэхэд хүндрэл үүсэж байсан нь саяхан.
Эрүүл мэндийн яам энэ асуудалд анхаарал хандуулж, 2022 онд 15,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд гурвалсан системт буюу хүчилтөрөгч, агаар, вакумыг нэг дор үйлдвэрлэх хүчин чадалтай Герман улсын АДЕКОМ брэндийн бүрэн автомат, ухаалаг систем бүхий 26 “ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭР”-ийг улс орон даяар байгууллаа.
Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтай бөгөөд эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, дотор, мэс засал, халдварт, хүүхдийн тасгуудад ханын системээр хүчилтөрөгчтэй холбогдож, амьсгалын эмгэгтэй иргэд өрөөнөөсөө хүчилтөрөгчөөр хангагдах боломжтой болсон
Өмнө нь орон нутгийн эрүүл мэндийн төв, сумдын эмнэлгүүд Улаанбаатар хотоос баллонтой хүчилтөрөгчийг зөөвөрлөж авдаг байсан бол тус хөрөнгө оруулалт хийгдсэнээр аймгийн нэгдсэн эмнэлгүүд жилд 50-100 гаруй сая төгрөг хэмнэх боломж бүрдсэн юм.
Үйлдвэрт ажиллах инженер, техникчийг нийлүүлэгч компаниуд ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах ажлыг хийсэн ба хүчилтөрөгчийн бэлэн байдлыг хангаж, нөөцийг бүрдүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, сайжрах давуу талтай юм.
Ийнхүү орон нутгууд бэсрэг үйлдвэртэй болсноор тээвэрлэлтийн зардлыг хэмнэж, төсвийн дарамтын бууруулахаас гадна доорх давуу талууд бий болж байна.Үүнд:
- Хуучин төмөр баллоныг өвчтөний орны дэргэд байрлуулж, эрсдэл үүсгэдэг технологийг халж, орчин үеийн хананы хүчилтөрөгчийн системтэй болсон
- Сумдын эмнэлгүүд хамгийн ойрхон Нэгдсэн эмнэлэгт очиж, хүчилтөрөгчийн баллоноо цэнэглүүлж, цаг хугацаа, төсвөө хэмнэх бүрэн боломжтой болсон
- Хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй болсноор хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнд түргэн шуурхай хүчилтөрөгч өгч, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг бий болгож, өвчтөнд хийх эмчилгээний аюулгүй байдал алдагдахгүй, эмч ажилчдын ажиллах нөхцөлд сайтар тохирсон зэрэг онцлог давуу талтай
- Өвчтөний орны дэргэд хүчилтөрөгчийн ханын системтэй болсноор эмнэлэгт хоног болоогүй нас баралтыг бууруулах, эрчимт эмчилгээний тасагт яаралтайгаар ирсэн эрхтэн тогтолцооны хүндрэлийг эмчлэхэд маш чухал ач холбогдолтой.
- Зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нь тухайн өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 60-70 хувийг өгч байсан бол энэхүү өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсноор өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 90-96 хувийг өгөх бүрэн боломж бүрдсэн.