Орос, Хятадын төлөөлөгчдийн хооронд 1689 онд байгуулсан Нэрчүүгийн гэрээнээс үүдэлтэй хэмээн түүхнээ тэмдэглэсэн алдарт Цайны замыг Монголын их говь, тэмээн жингээс салангид төсөөлөхийн аргагүй гэж судлаачид дүгнэдэг. Учир нь Ази, Европыг холбосон энэхүү түүхэн замаар жин тээгчид Бээжингээс Хөх хотоор дамжин өнөөгийн Гашуунсухайтынбоомт орчмоор манай улсад нэвтрэн, Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Булган сумын нутгаар дайрч, Монголын эртний нийслэл Хархорум, цаашлаад Ховд, Улиастайд үдлэн, Туркестан, Кашкар хүртэл явж, худалдаа хийдэг байсан баримт бий. Монгол орны нутагт Цайны замын ул мөр хамгийн тод үлдсэн газар нь Өмнөговь аймгийн дээрх сумд, ялангуяа Ханбогдын Хүрдэт агуй гэж үздэг юм байна. Булган сумын нутаг дахь Баянзагийн баруун дэнж дээрээс эртний түүх, соёл, худалдааны замын ул мөрийг хамгийн тодоор харах боломжтой гэнэ. Тиймээс өмнөговьчууд уг газрыг хамгаалах зорилгоор “Баянзагийн соёлын өвийн менежментийн төлөвлөгөө” боловсруулж, зарим хэсгийг нь тохижуулан, Цайны замын ул мөр бүхий газрыг тусгаарлаад буй. Тэгвэл энэ онд тус аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөрөө түүхэн жинчдийн ул мөрийг дагуулан тэмээн жингийн цуваа бүхий хөшөө байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр өмнийн говь түүхэн, тусгай сонирхлын аялал жуулчлалын шинэ маршруттай болно гэж тооцож буй аж.