Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын 80 тоот тогтоолд Зөвлөлдөх санал асуулгыг ирэххоёрдугаар сарын 20-ны дотор зохион байгуулахаар заасан. Гэвч үүний хүрээнд хийх бэлтгэл ажлын цар хүрээ өргөн, цаг хугацаа шахуу байгааг өчигдөр болсон Зөвлөлдөх зөвлөлийн хуралдааны үеэр гишүүд хэлэлцээд, гуравдугаар сарын 15-ны дотор зохион байгуулахаар болгож өөрчлөх саналаа УИХ-д оруулж, шийдвэрлүүлэхээр тогтлоо. Тэрчлэн Зөвлөлдөх санал асуулгын асуултын анхны төслийг боловсруулах ажлын гурван дэд хэсэг байгуулахаар шийдвэрлэв. Эдгээр ажлын хэсгийнхэн нийгэм, эдийн засаг болон улс төр, засаглалын чиглэлээр асуултын төсөл боловсруулж, Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь. Нийгмийн чиглэл хариуцсан ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Мандахтайван, эдийн засгийнхыг тус зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, улс төр, засаглалынхыг Г.Галбадрах ахалж ажиллахаар боллоо.
Бэлтгэсэн Н.Буян