Томуу, томуу төст өвчний тархалт ихсэж, ялангуяа хүүхдүүд өвчлөн, биеийн байдал нь хүндрэх тохиолдол олширчээ. Үүнтэй холбоотойгоор дүүргүүдийн эмнэлгийн зарим тасгийг түр хугацаанд буюу ирэх гуравдугаар сарын 1 хүртэл хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах тушаалыг Эрүүл мэндийн сайд өчигдөр гаргасан байна. Эхний ээлжид Сүхбаатар, аянзүрх, Чингэлтэй дүүргийн эмнэлгийн отрын тасагт ханиад, томуугаар өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авч, эмчлэхээр болжээ. Харин тэдгээр эмнэлгийн дотрын өвчний тусламж, үйлчилгээг Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг рүү түр шилжүүлэх аж.
Сүүлийн гурван долоо хоногт томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдсэн тул ийнхүү шийдвэрлэсэн гэнэ. Тодруулбал, улсын хэмжээнд өдгөө амбулаторийн нийт үзлэгийн 13 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж буй юм байна. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс гурван хувиар нэмэгдсэн дүн гэнэ. Уг үзүүлэлт 15 хувьд хүрэхэд гамшгийн түвшин гэж үздэг билээ. Түүнчлэн улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог халдварт өвчтэйг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. Ялангуяа яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн 72 хувь нь амьсгалын замын цочмог халдварт өвчтэй байна гэв. Мөн сэхээн амьдруулах тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 76 хувь нь энэ төрлийн халдварт өртсөнийг анхаарууллаа.
Өвчлөл ийнхүү ихэссэн нь манайд амьсгалын замын халдварын 10 төрлийн вирус тархсантай холбоотойг дээрх төвийнхөн тайлбарлав. Тухайлбал, томуугийн гурав, томуу төст өвчний зургаан төрлийн вирус, коронавирусийн омикрон хэлбэрийн дэд хувилбар дэгдээд байгаа аж. Нөгөө талаар агаарын бохирдол ихэссэн нь ч өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байна гэв. Энэхүү нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлах, ялангуяа амны хаалт зүүхийг дээрх байгууллагаас анхаарууллаа.
Бэлтгэсэн М.Оч