Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу "Улбар шар" түвшинд хүрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. Тэрбээр, "Томуугийн өвчлөлийг үүсгэж давамгайлан эргэлдэж буй вирус нь В, А, H1N1. А хүрээний вирус илүү голлож байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 6 хувиар нэмэгдсэн. Тухайлбал, Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85 хувь, сэхээнд хэвтсэн хүүхдүүдийн 76 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.
Эмнэлгийн орны хувьд 619 орыг нэмэлтээр дэлгэсэн. Үүнээс 407 нь Улаанбаатарт, 212 нь орон нутагт байна. Харин ХӨСҮТ-д 211 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд хүүхэд байхгүй, 7 хувь хүнд, 30 хувь дунд, 60 хувь нь хүндэвтэр байна" гэв.