Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэгтэй УИХ-ын хянан шалгах түр хорооноос гэрч дуудах сонсголыг анх удаа хийх гэж буй. Энэ талаар Б.Энхбаяр нарын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Сонсголд түр хорооны гишүүд л оролцоно. Иргэдийн хувьд ч хязгаартай. Гэхдээ өмнө нь 166 хүнийг сонсголд дуудахаар товлоод байснаа өргөжүүлж, 300 гэрч оруулахаар тогтлоо. Таван төрийн бус байгууллагын төлөөллийг ажиглагчаар байлцуулна. Сонсголын эхний шат энэ сарын 16-20-нд болно. Үүгээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийг олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авна. Мөн зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдлын талаарх хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсох юм. Ингэхдээ Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хөндөх юм. Урьдчилсан дүгнэлтээр тэдгээрээс 22 нь хэвийн үргэлжилж байгаа. Тиймээс 55 төсөл, хөтөлбөрийн талаар түлхүү төвлөрч ярина гэсэн үг. Ажлын таван өдөрт хийнэ гэж тооцвол нэг өдөрт 11 төсөл, хөтөлбөрийн талаар хөндөнө. Гэрчийн мэдүүлэг нь цаашид шүүхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Тиймээс хүн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор мэдүүлэгт нь саад болохгүй, нөлөөлөхгүй, хараат бус байх нөхцөлийг тооцоолон, тодорхой хязгаарлалт хийсэн юм. Нотлох баримтыг шинжлэх сонсголоор шууд асуулт, хариулт, зарим талаар мөрдөн шалгалт, байцаалтын нотлох баримтыг дэлгэцэд үзүүлнэ. Энэ сонсголд зөвхөн нотлох баримт ярина. Оролцогчид зөвхөн үүний хүрээнд л асуулт тавина. Тиймээс өөрийгөө өмгөөлөх, гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж оролцох нь зүйтэй. Цагдан хоригдож байгаагаас бусад хүнийг оролцуулна. 2010 оноос хойш ажиллаж байсан бүх шатны албан тушаалтнууд сонсголд оролцож, хариулт өгнө. Цаашдаа ч өөр хүмүүсийг дуудна. Түр хороо хүнд хилийн хориг тавих эрхгүй ч шүүхэд энэ талаар зөвлөмж хүргүүлсэн. Гэтэл хилээр гараад явчихсан хүмүүс бас бий. Дуудагдсан хүмүүст хэлэхэд, та зугтаад үр дүнд хүрэхгүй” гэв.
Гэрчүүдийг энэ долоо хоногт албан ёсоор дуудах аж. Сонсголыг МҮОНТ-ээр шууд дамжуулах юм байна. Хоёрдугаар шатны сонсголыг ирэх сарын 6-10-нд товлосон бөгөөд тус банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаарх мэдээлэлтэй танилцах юм. Улмаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт, шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, холбогдох гэрчээс мэдүүлгийг нь сонсох гэнэ.
Харин сонсголын төгсгөлийн шат гуравдугаар сарын 13-17-нд болно. Үүгээр Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай бол гэрчийн мэдүүлэг авах юм. Үүнээс гадна тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээллийг сонсож, нээлттэй сонсголын үр дүнг нийтэд нь хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсохоор тогтжээ. Дээрх 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалтын талаар өмнө нь огт мэдээлж байгаагүй юм байна.