УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай тогтоолыг хэлэлцэн батлав. УИХ-ын гишүүдээс жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хүрээнд тус зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулах санал гаргасан тул дээрх төслийг буцаагаад байсан юм. Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, 136 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан эдийн засагч О.Амартүвшин (МҮХАҮТ), эдийн засагч Ө.Ганхуяг (Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо), хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс, багш, нийтлэлч Г.Галбадрах, радио электроникийн инженер Д.Моондой, арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, зөвлөх инженер Х.Ганбаатар (МАОЭХ), академич Г.Чулуунбаатар (ШУА), улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од, эрх зүйч Ц.Мандхайхатан (“Бодлогод залуусын хяналт” ТББ), судлаач О.Мөнхсайхан (МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн), хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат (МҮЭХ) нарын 11 хүнийг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувь нь дэмжин батлав.
Мөн тус тогтоолоор Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, санал асуулгын дүнг нэгтгэн, зөвлөмж гарган УИХ-д танилцуулахыг тэдэнд даалгасан юм.
Энэ өдөр Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар Засгийн газрын мэдээллийг сонссон юм. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэлдээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар 383 974 иргэн, 85 730 хуулийн этгээд, 14 249 төрийн албан хаагчид тоон гарын үсэг олгоод байгааг дурдав. Түүнчлэн тус яам Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулийг судалж, “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэсэн агуулга бүхий заалт, үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байгааг өөрчлөхөөр ажиллаж байгаа аж. Үүнээс гадна Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр манай улс 2017 онд 104, 2018 онд 85, 2020 онд 120 дугаар байрт жагсжээ. Үндэсний дата төвд байрлаж буй төрийн байгууллагуудын цахим шуудан болон цахим хуудасны серверт чиглэсэн сэжигтэй хандалтын тоо 2019 онд 6.5 сая байсан бол 2020 онд 371, 2021 онд 496.7 саяд хүрч нэмэгдсэн байна. Түүнчлэн программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг комланиудыг татварын бодлогоор дэмжих зорилгоор мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгч компаниудыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн таван жилийн хугацаанд мэдээллийн технологийн үйл ажиллагаанаас олсон орлогын албан татвараас чөлөөлж эхэлснийг онцолсон юм.
Бэлтгэсэн Б.Уран