Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг
Баянгол дүүргийн XIX хорооны “Шар дэгд” өрхийн эмнэлгийн эмчийн өрөөний үүдэнд өнгөрсөн баасан гарагт 10.00 цагийн үед 10-аад хүн сууж байв. Тус эмнэлэгт хоёр эмч үзлэг хийж байсан бөгөөд өдөрт нэг нь 60-70 иргэнд үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байгаа гэнэ. Өмнө нь арваннэгдүгээр сар гартал өдөрт нэг эмч 20-30 өвчтөн үзэж байсан бол ачаалал ийнхүү хоёр дахин өссөн нь ханиад томуугийн тархалт нэмэгдсэнтэй холбоотой аж. Энэ талаар “Шар дэгд” өрхийн эмнэлгийн дарга, их эмч П.Лхагвасүрэн “2020, 2021 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногтой харьцуулахад энэ жил манай эмнэлгийн ачаалал маш их байна. Статистикаас харахад өнгөрсөн хоёр жилийн энэ үетэй харьцуулахад 2023 онд үйлчлүүлэгчдийн тоо 20 дахин олон болж. Үйлчлүүлэгчдийн олонх нь томуугийн төрлийн вирусээр өвчилсөн бөгөөд үүнд хүүхдүүд ч цөөнгүй байгаа юм. Уг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амарсан ийм үед ханиад томуугийн тархалт намддаг ч энэ удаа эсрэгээрээидэвхтэй хэвээр байна. Бид иргэдийг үзэн, хөнгөн, хөнгөвтөр оноштойд нь гэртээ уух эм бичиж байгаа бол хүндэрснийг нь дүүргийн эмнэлэгт үзүүлэх цаг авч өгч буй” гэсэн юм. Өвчлөл ийнхүү нэмэгдэх болсны шалтгааныг тэрбээр “Цар тахал ид дэгдэж байхад хүмүүс гараа угааж, амны хаалт зүүж хэвшсэн. Тэгвэл өдгөө гараа угааж, амны хаалт зүүх нь багассанаас вирусийн гаралтай ханиадыг нэг нэгэндээ тараахболлоо. Мөн хүүхдүүдээс гадна идэр насныхан буюу 25-45 насныхан нэлээд өвчилж байна. Утаа их, хүйтэн өвөл болж буй нь ханиадны тархалт ихсэх нэг нөхцөл мөн” гэлээ. Тэгвэл дээрх өрхийн эмнэлгийн үйлчлүүлэгч Б.Чимэгсүрэн “Эмнэлэг онгойхтой зэрэгцэн 09.00 цагт ирэхэд л миний өмнө 3-4 хүн ирсэн байсан. Одоо эмч рүүгээ орж үзүүлэх гээд дугаарлаж сууна. Өрхийн эмнэлгийн энэ жижиг байшинд багтахгүй шахам олон хүн байгааг харж буй биз дээ. Утаа, агаарын бохирдлоос шалтгаалж байна уу өвдөж, зовуурилсан хүн улам олон болсон” хэмээн ярив. Дээрх эмнэлэг нь 2000 орчим өрхийн 5000 гаруй оршин суугчид үйлчилдэг аж. Өрхийн эмнэлгийн барилгын хэмжээ нь 200 ам метр хүрэхтэй, үгүйтэй жижиг. 2500 орчим хүнд нэг л их эмч ногддог, мөн гэрээр очиж үйлчлэх шаардлагатай хүнцөөнгүйгээс ачаалал нь тун их байдаг гэнэ. Цаашид хорооны эмнэлгийн байрыг томруулах, ажиллах боловсон хүчнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бийг П.Лхагвасүрэн эмч дурдлаа.
Өрхийн эмнэлгийн дараагийн шатлалынх нь дүүргийнх. Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт өнгөрсөн баасан гарагт 11.30 цагийн үед очиход ачаалал мөн л их байв. 0-5 насны хүүхдээ үзүүлэх гэсэн ээж, аавууд ирсэн дарааллаараа дугаарлаж сууцгаана. Эцэг, эхчүүдийн олонх нь амны хаалт зүүсэн бол хүүхдүүддээ бараг зүүлгээгүй байв. Бага насны хүүхдүүд уйлах нь уйлж, ханиаж, тэр хавиар нэг дуу шуугиан үүсгэж, ээж, аавууд нь зузаан хувцсыг нь нимгэлэн, эмчийн өрөөнд оруулах гэж бөөн ажил болж байв. Тэдний нэг, Баянгол дүүргийн XVIII хорооны иргэн Ч.Гансувд “09.30 цагийн үед эмнэлэгт ирсэн ч дугаарлаж суусаар цаг гаруйн хугацаа өнгөрлөө. Үүгээр л дүүрэн уйлсан, халуурч бүлээрсэн хүүхэд. Манай хүүхэд дөрөвтэй, шөнөжин өндөр халуурч хонолоо. Хатгалгаа авсан ч байх магадлалтай учраас эмнэлэгт хэвтэх шаардлага гарч магадгүй. Гэтэл хэвтэхийн тулд наанадаж долоо хоног хүлээх болж байгаагэнэ” гэж ярив. Тэгвэл эмнэлгийн ачаалал, орны хүрэлцээ хэр байгаа талаар Баянгол дүүргийн эмнэлгийн хүүхдийн эмч Б.Урангоо “Ер нь жил бүрийн 11-2 дугаар сард томуугийн дэгдэлт өсдөг. Энэ жил ч мөн адил нэмэгдэж буй бөгөөд томуу гэхээс илүүтэйгээр ямар нэгэн вирусийн гаралтай ханиадаар хүүхдүүд өвчилж, огцом өндөр халуурч, хатгалгаа тусах нь элбэг боллоо. Хатгалгаа туссан хүүхдүүдийг хэвтүүлж эмчлэх шаардлагатай. Гэтэл орны хүрэлцээ тааруу байгаа нь үнэн. Дүүргийнхээ дөрвөн хорооны хүүхдийг Яармаг дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвд хэвтүүлж ачааллаа хөнгөлсөн. Мөн Ахмадын эмнэлэгтээ 30 ор дэлгэн, энд байгаатай нийлүүлээд180 орон дээр хүүхэд хүлээн авч байна. Тэгээд ч ер дийлдэхгүй л байна. Нэг хүүхдийг 7-10 хоног эмчилж буй бөгөөд нэг нь гарч байж, өөр хүүхэд хэвтэх боломж бүрдэнэ гэсэн үг. Өдөрт хоёр эмч нийт 100-120 хүүхэд үзэж байна. Мөн хүлээн авах хэсэг 24 цагаар ажиллан, гурван эмч хүлээн авахад хонож, эмч, эмнэлгийн ажилтнууд бүх бололцоогоо дайчилж байна” гэлээ. Дүүрэг бүрийн эмнэлгийн хүлээн авах тасагт хүүхдүүдийг 17.00-09.00 цагт үзүүлэх боломж бүрдүүлжээ. Чингэлтэй дүүргийн хүлээн авах тасагт өнгөрсөн бямба гаргийн 20.00 цагийн үед очиход ачаалал их байв. Хэдийгээр амралтын өдрийн орой ч хүүхдүүдээ үзүүлэх гэсэн эцэг, эхцөөнгүй, нэгдүгээр давхрын хүлээн авах хэсэгт, нэг эмчид үзүүлэхээр барагцаалбал 10 хүн дугаарлаж байв. Хүүхдүүдийн олонх нь 0-5 насныхан. Тэнд гурван эмч ажиллан, хүүхэд, эцэг, эхчүүдийг ирсэн дарааллаар нь хүлээн авч байлаа. Хүүхдээ үзүүлэхээр ирсэн аав Ч.Төгсжаргал “Манай хүүхэд хоёр настай. Хоёр өдрийн өмнөөс огцом халуурч, бөөлждөг ханиад хүрсэн. Монгол аргаар буюу саримстай шөл, аарц өгч, гэрээр эмчлэхийг хичээсэн ч үр дүн алга. Тэгээд эмчид үзүүлэхээр хүлээж сууна. Бид энд 18.30 цагт ирсэн. Хүүхдүүдийг гурван эмч үзэж буй ч нэг эмч рүү орох гэж 10 гаруй хүн хүлээж байна” гэсэн юм. Харин Чингэлтэй дүүргийн хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн хаалгыг дотроос нь түгжсэн учраас байдал ямар байгааг мэдэх боломжгүй байв. Юутай ч хэвтэн эмчлүүлэх тасгуудад хүүхдүүд олон байгаа нь харагдсан.
Ерөнхий боловсролын сургууль амарсан үед ханиад, томуугийн дэгдэлт буурдаг юм байна. Гэтэл энэ өвөл сурагчдын амралтын үеэр ч ханиад хүрсэн хүүхдийн тоо огт багасахгүй байгааг эмч нар нь хэлсэн. Агаарын бохирдол, утаа нь хүүхдийн өвчлөлийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж буйг ч тэд дурдсан. Түүнчлэн ханиад хүрч, хүндэрч ирж буй хүүхдүүдийн олонх нь суурь өвчтэй аж. Тодруулбал, ямар нэгэн суурь өвчин, эсвэл жингийн илүүдэл, дутагдалтай хүүхдүүд амархан хүндэрч, хатгалгаа болж байгаа гэнэ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ суурь өвчтэй болохоос сэргийлж, хоол ундыг нь тохируулах ёстой юм байна. Ер нь 0-5 насны хүүхдүүдийг шим тэжээлтэй хоолоор хооллож, Д аминдэм тогтмол уулгахын зэрэгцээ чихрийн агууламж өндөртэй зүйлс идүүлэхгүй байвал ханиад тусах нь бага, туссан ч хүндрэх магадлал буурна гэдгийг эмч нар анхаарууллаа. Суурь өвчингүй эрүүл саруул хүүхэд жилд 2-3 удаа ханиад томуу тусах нь хэвийн үзэгдэл бөгөөд эцэг, эхчүүд ханиад хүрэх бүрт нь эмчийн зааваргүйгээр эмчлэхийг хичээх, ялангуяа антибиотик огт уулгаж болохгүйг Б.Урангоо эмч сануулав.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд бүгд ажиллаж буй үе. Хүүхдүүд цэцэрлэгтээ яваад ирэхдээ ханиад хүрээд байгаа талаар ярих хүмүүс бий. Баянгол дүүргийн 198 дугаар цэцэрлэгт гэхэд хүүхдүүдээс хэд нь ханиад хүрч, гэртээ эмчлүүлж буйг нь тодруулсан юм. Нэгэн багш нь “Манай цэцэрлэг 160 хүүхэдтэй. Тэгвэл өдгөө өдөрт 40 орчим хувь нь л цэцэрлэгтээ ирж байна. Эгч, ах нарынх нь хичээл амарсан учраас бусад нь гэртээ байгаа. Өдөрт ирж буй 44-50 хүүхдийн 8-10 нь ханиад шуухинаатай байна. Бид илт ханиаж, халуурч буй хүүхдийг л авахгүй, гэртээ байхыг зөвлөдөг. Сургуулийн хичээл орж эхлэхэд, манай хүүхдүүд ч цэцэрлэгтээ хэвийн явж, ханиад томуугийн тархалт өсөх магадалтай” гэсэн юм. Улаанбаатар хот дахь томоохон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн ачаалал хэтэрч, орны хүрэлцээ муугаас эцэг, эхчүүд хүүхдээ аван коридорт хүртэл хэвтэж байгаа дүр зураг бий. Тэгвэл өрхийн болон түүний дараагийн шатлалын эмнэлэгүүдийн ачаалал ч ихсэн, үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн тоо олон, орны хүрэлцээ муу байна.