Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 08-ны өдрөөс сэргээх талаар ГХЯ-аас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан цахим орчинд "Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний тасалбар дууссан байна, Монголчууд коронавирусийн халдвар ихтэй орон руу олноор зорчиж, вирус тээж авчрах нь" гэх мэдээлэл тархсан. "Улаанбаатар төмөр зам" компанийн мэдээллийн ажилтнаас энэ талаар тодруулахад "Улаанбаатар-Эрээн чиглэлд коронавирус гарснаас хойш нэг ч галт тэрэг зорчихгүй байгаа. Одоо ч зорчих чиглэл ирээгүй. Харин Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний тасалбар дууссан гэдэг нь ташаа мэдээлэл. Тасалбар хэвийн борлуулж байна" гэв.