УИХ ирэх сард зөвлөлдөх санал асуулга явуулахаар бэлтгэж буй. Үүнийг удирдан зохион байгуулахын тулд Зөвлөлдөх зөвлөл байгуулах ёстой. УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тогтоолын төслийг хэлэлцсэн ч буцаав. Учир нь зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн 11 хүн бүгд эрэгтэй тул хүйсийн төлөөллийг хангах шаардлагатай гэсэн гишүүдийн саналыг харгалзан үзэхээр болсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр ийм шүүмжлэлийг гишүүн Т.Доржханд хэлсэн. Тэрбээр эмэгтэйчүүдийг оруулахаас гадна УИХ дахь цөөнхийг төлөөлж ХҮН намаас хүн оруулах ёстой гэв. Үндсэндээ намынхаа эмэгтэй гишүүнийг Зөвлөлдөх зөвлөлд ажиллуулах хүсэлтэйгээ уламжилсан юм. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэнгийн хувьд дээрх зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж буй 11 хүнийг нууц санал хураалтаар сонгосон учраас хүйсийн төлөөллийг хангах боломж байгаагүйг хэлэв. УИХ-ын гишүүн П.Анужин мөн эмэгтэйчүүдийг зөвлөлд оруулах шаардлагатайг илэрхийлээд, ажлын хэсгийнхэн анхнаасаа хүйсийн төлөөллийг хангахын тулд бодлогоор дэмжих ёстой байсныг санууллаа. Түүнчлэн гишүүн Ц.Туваан сонгуультай адилхан квот тогтоох маягаар эмэгтэйчүүдийг эл зөвлөлд оруулах санал гаргав.
Уг нь тус зөвлөлд нэрээ дэвшүүлсэн 136 хүний 32 нь эмэгтэй байсан юм. Гишүүн Н.Энхболдын хэлснээр эмэгтэйчүүдийн төлөөллийг хэрхэн хангах талаар ажлын хэсгийн түвшинд ярилцсан ч зарим эмэгтэй нэр дэвшигчийн ирүүлсэн материалын бүрдэл дутуу, зарим нь улс төрийн намын дарга байсан учраас оруулаагүй аж.