Монгол Улсад зонхилон тохиолдох хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ технологиудын үнэлгээ, судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өнгөрсөн онд хийсэн бөгөөд дүн мэдээллийг нь өчигдөр танилцууллаа. Хавдрын оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологиудыг бүртгэх, зардал, үр ашгийн шинжилгээ хийх зорилгоор ийнхүү судалсан аж. Хавдар судлалын үндэсний төвд 2018-2021 онд нэвтрүүлсэн 64 шинэ технологийг уг судалгаанд хамруулжээ. Гэтэл тэдгээр технологийнхоо 7.5 хувьд нь л үнэлгээ хийсэн гэсэн үр дүн гарсан байна. Жишээ нь, 2018 онд тус төвийн Ангиографийн тасагт бичил зүүгээр түлэх шинэ эмчилгээнд 38 хүн хамрагджээ. Тэдгээр иргэнийг эмчилгээний дараа эргэн хянах тогтолцоо ойлгомжгүй, хэд нь эсэн мэнд, эсвэл нас барсан тухай мэдээллийг бүртгээгүй байжээ. Тиймээс судалгааны багийнхан үйлчлүүлэгч бүрийг эргэн хайхад хүрсэн гэнэ. Ингээд судалгааны явцад үйлчлүүлэгчдийн 5.2 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж, үлдсэн хувь нь эсэн мэнд байгааг тогтоосон аж. Өөрөөр хэлбэл, эмчилгээний үр дүн 94.7 хувьтай байна гэж судлаачид дүгнэжээ.
Энэ мэтээр манай улсад нэвтрүүлсэн шинэ технологийг бүртгэх, мэдээлэх, үр дүнг тооцох нэгдмэл тогтолцоо байхгүйг судалгааны багийнхан онцолжээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлсэн технологийг бүртгэх албан ёсны маягт бий болгон, улсын хэмжээнд бүртгэл, мэдээллийн систем ажиллуулах зөвлөмж гаргажээ. Мөн шинэ технологийн үр ашиг, нөлөөллийг судалж, тайлагнах чиглэлээр шинжилгээ, үнэлгээний мэргэжлийн баг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагууд тухайн эмнэлэгт нэвтрүүлсэн технологийг бүртгэх, үр дүнг судлах, нотолгоо бүрдүүлэх нь зүйтэй гэжээ. Ташрамд дурдахад, Монгол Улс дэлхийд хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт бичигддэг. Мөн элэгний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар тэргүүлж байна.
Бэлтгэсэн М.Оч