Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох зорилгоор УИХ-аас зөвлөлдөх санал асуулга явуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгуулав. Тус хурлыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар “2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, хараат бус, мэргэжлийн удирдлагаар хангаж, иргэдэд шударга хүртээх зарчмыг тодорхойлсон. Тиймээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай. Төслийг нь өргөн бариагүй байна. Ер нь ёс зүй, сахилга хариуцлагын тогтвортой тогтолцоо бий болгох цаг болсон. Улс төрийн намуудын санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар сайн засаглалын зарчмыг суулгаж, улс төрөөс хараат бус байлгах нь хариуцлагыг нь бэхжүүлэх чухал алхам болно” хэмээн онцоллоо.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “УИХ нь төлөөллийн ардчиллын зарчмаар санал үл гээн, нийгмийн бүлгүүдийн төлөөллөөс бүрэлдэж чадсан тохиолдолд үл ойлголцол, бухимдлыг арилган, зөвшилцөл, эв нэгдлийг бэхжүүлж, хамтын оролцоонд тулгуурласан бодит шийдвэрүүдийг гаргах боломжтой. Харамсалтай нь, орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламент иргэний төлөөллийнх гэхээс илүүтэй дарга ангийн төлөөллийн байгууллага болж хувирлаа. Улс төрийн намын гишүүнчлэлгүй, дундаж болон дунджаас доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүхий л бүлгийн төлөөлөл сонгогдох боломжгүй болжээ. Хэрэв бид энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол нийгмийн бухимдал, давхарга хоорондын зааг, үл ойлголцол нь үндэсний аюултай байдалд хүргэж, геополитикийн сорилтыг даван туулж чадахгүйд хүргэхээр байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хүлээх гол үр дүн бол хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг бий болгох, хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг бодлогын намуудыг хөгжүүлэх, олон намын оролцоотой зөвшилцлийн парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн холимог тогтолцоогоор санал үл гээгдэх төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх явдал” гэв.
Харин эдийн засагч Б.Лхагважав “ШУА эрх баригчдаас хараат бус байж л жинхэнэ утгаараа ажиллаж чадна. 2008 онд ялаас мултарсан хүн өдгөө Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь шударга ёс уу. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хүнээс 100 сая төгрөг авчихаад ах, дүү нар нь гадаадаас явуулсан гэж яриад сууж болох уу. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ч ЖДҮХС-гаас намынхаа 40 гишүүнтэй 40 тэрбум төгрөг хулгайлчихаад, өнөөдөр энд худлаа сууж байгаа нь шударга ёс уу” хэмээн шүүмжилсэн бол МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн доктор, профессор Б.Отгонтөгс “2016 онд баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуулиар тус санд 2031 он хүртэл хэн ч гар хүрэх эрхгүй байсан. Гэтэл энэ санг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгохын тулд хуулийг нь хоёрхон минутын дотор өөрчилж, газрын хэвлийн баялгийг ирээдүйд ард түмэнд хүртээх зорилгоос нь хазайлгасан. Одоо бүр зохион байгуулалт нь алдагдаж, ямар хүмүүс хариуцдаг нь ч тодорхойгүй боллоо” гээд ийм үед баялгийн санг байгуулах нь хэцүү бөгөөд эрсдэлтэй, үр ашигтай ажиллуулж чадах, эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийллээ.
Бэлтгэсэн Б.Уран