Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Сантын даваа” гэдэг газар Хөвсгөл нуурын мөс цөмөрч, гурван зорчигчтой “УАЗ-3303” загварын автомашин живжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Сантын даваа” гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан “УАЗ-3303” загварын /3 зорчигчтой/ автомашин энэ сарын 03-ны өдрийн 19.30 цагийн орчим мөс цөмөрч тус нууранд живсэн гэсэн дуудлагыг тухайн өдрийн 21:30 цагт хүлээн авсан аж.
Тус сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон руу иргэн Э /52 настай, эрэгтэй, Ренчинлхүмбэ сумын харьяат/-ын жолоодож явсан “УАЗ-3303” загварын автомашин 3 зорчигчтой Хөвсгөл нууран дээгүүр зорчин яваад мөс цөмөрч живсэн тул жолооч Э /52 настай, эрэгтэй, Рэнчинлхүмбэ сумын харьяат/, зорчигч Т /16 настай, эрэгтэй, Рэнчинлхүмбэ сумын харъяат/ нар автомашинаас эсэн мэнд гарч, зорчигч Э /49 настай, эрэгтэй, Рэнчинлхүмбэ сумын харъяат/ тус нууранд живж, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажилалж байна.
Иймд жолооч, зорчигч та бүхэн гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр зорчихгүй байх, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, баталгаатай зам, гүүрээр зорчихыг анхаарууллаа.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан