Орон сууцын ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Төвбанкнаас мэдээллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 2022 оны эцсийн байдлаар Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр 6.9 их наяд төгрөгийн зээлийг 112.1 мянган өрхөд олгожээ. Өмнөх онд 732.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл 7846 өрхөд олгосон аж. Эргэн сануулахад, 2020 онд 368 тэрбум төгрөгийн ийм зээлийг 5122 өрхөд өгчээ. Тэгвэл 2021 онд 1.01 их наядын зээлийг 13 452 өрхөд олгож байжээ. Энэ нь 2014 онд эл зээлийг 14 592 иргэнд (756 тэрбум) олгож байснаас хойших хамгийн өндөр дүн юм.
Цар тахлын хуулийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас өнгөрсөн жилийг дуустал таван удаа хойшлуулсан. Ингэснээр нийт 3.43 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 орчим мянган иргэний хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан гэнэ. Дээрх зээлдэгчид 978.4 орчим тэрбум төгрөгийн (418.9 тэрбумын үндсэн төлбөр, 559.5 тэрбумын хүүгийн) төлбөрөөхойшлуулсан аж. Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу тус банкнаас энэ оны эхний хагаст багтаан Засгийн газарт ипотекийн хөтөлбөрийг шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж буйг энэ үеэр дурдлаа.
Бэлтгэсэн Б.Сонор