Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын нөхцөл байдлыг үнэлж, дүн мэдээллийг нь олон нийтэд танилцуулав. Тус хүрээлэнгээс мэдээлснээр бол өдгөө найман аймгийн 13 сумд цагаан зуд болж байна. Энэ нь 10 орчим хоногийн өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Булган, Үенч, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Есөнзүйл, Хархорин, Бат-Өлзий, Төв аймгийн Эрдэнэ, Сүхбаатарын Асгат, Хэнтийн Өмнөдэлгэрт цас их орж, нягтарч хатуурсны улмаас цагаан зудын нөхцөл бүрдээд буй аж. Эдгээрээс гадна 12 аймгийн 37 сумд зуд болох эрсдэл өндөр, нэмж цас орсон тохиолдолд өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй гэнэ. Үүнд Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Булганы тус бүр нэг, Баянхонгор, Завхан, Сэлэнгийн хоёр, Хөвсгөлийн гурав, Сүхбаатарын дөрөв, Хэнтий, Увсын зургаа, Төв аймгийн есөн сум хамрагджээ. Манай орны нийт нутгийн 60 орчим хувьд нь өдгөө цасан бүрхүүл тогтоод буй аж. Үүнээс Багануур дүүргийн нутагт 37, Увс аймгийн Давст сумд 23 см зузаан цасан бүрхүүл тогтсон нь одоогоор дээд үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.
Бэлтгэсэн М.Оч