Өнгөрсөн оны эцэст 500 төгрөгт дөхөөд байсан юанийн ханш өчигдөр 502-т хүрч өслөө. Тодруулбал, валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд юанийг арванхоёрдугаар сарын 25-нд 490 төгрөгөөр худалдан аваад, 492.5-аар зарж байв. Тэгвэл 30-нд уг валютыг 494 төгрөгөөр авч, 497-гоор борлуулж байсан юм. Харин өчигдөр ченжүүд өмнөд хөршийн мөнгөн тэмдэгтийг 498 төгрөгөөр аваад, 502-оор худалдаж байв. Эргэн сануулахад, 2022 оны дөрөвдүгээр сарын 10-нд дээрх захад юанийн ханш 500 төгрөг давж байсан билээ. Энэ өдөр ченжүүд юанийг 506 төгрөгөөр худалдан авч, 509-өөр зарж байсан бол өдгөө ийнхүү дахин 500 төгрөг давлаа.
Сонирхуулахад, “Найман шарга” захынхан өнгөрсөн жилийн энэ үед юанийг 446.5 төгрөгөөр авч, 448-аар худалдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, 2022 оныхтой харьцуулбал өдгөө дээрх валютыг авах ханш 11.53, зарах нь 12.05 хувиар өссөн нь энэ. Төвбанкнаас зарласан ханшаар юань өчигдөр 499.71 төгрөгтэй тэнцэж байсан нь жилийн өмнөхөөс 11.47 хувиар чангарсан гэсэн үг. 2022 оны өдийд эл дүн 448.31 төгрөг байв. Үүнээс гадна төгрөгтэй харьцах еврогийн ханш чангарлаа. Өчигдөр ченжүүд еврог 3705 төгрөгөөр авч, 3725-аар борлуулж байсан нь өнгөрсөн арванхоёдугаар сарын 30-ныхтай харьцуулахад буюу ердөө дөрөв хоногийн дотор 20, 15 төгрөгөөр дээшилсэн дүн боллоо. Мөн фунт стерлингийн ханш ч өсжээ. “Найман шарга” захад фунтийг өчигдөр 4170-аар аваад, 4220 төгрөгөөр худалдаж байсан юм. Энэ нь өмнөх сарын 30-ныхаас аль аль нь 10 төгрөгөөр өссөн үзүүлэлт болов.